Зөрүүгүй сонгууль

Ард түмний тавьсан дүнг аль аль нь хүлээн зөвшөөрч, ажлаа хий

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд яах вэ” гэж зүйр үг бий. Сүүлийн үед манай улстөрчид ороод өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх нь олширч. Бороо орохоос өмнө болон бороо орох мөчид дуртай нь аргагүй алхаж явснаа, бүр энэ талаар сайшаасан пост хүртэл нүүр номондоо нийтэлснээ, ороод дууссаных нь дараа “Би норчихлоо”, “Би цув нөмрөх байсан юм”, “Бороо орохыг урьдчилж хэлсэнгүй”, “Бороо орсон нь таалагдахгүй байна”, “Бороо орсныг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэтээр илт олон нийтийн анхаарлыг өөртөө татах, болоод өнгөрсөн үйл явдлыг өөрт ашигтай байдлаар эргүүлэх гэж оролдох нь заримдаа бүр эмгэнэлтэй байдалд хүргэх юм. Үүний хамгийн сүүлийн жишээ энэ удаагийн УИХ-ын сонгуулийн дүн.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд, олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулсан. Зохион байгуулалтад аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум, дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг, нийт 35772 төрийн албан хаагч ажилласан байна. Түүнчлэн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 121 бие даагч, нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж, өрсөлдсөн юм. Ямар нэгэн уралдаан, тэмцээн, уялга сойлгод заавал ялагч, ялагдагч байдгийн жишгээр сонгуулийн санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон ч амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн.

Ийн ээлжит сонгууль өгөх эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн нь 2000 оноос хойш болсон сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй нь байсан юм. Улмаар МАН ялалт байгуулж, 62 суудал авсан бол АН 11, Та бидний эвсэл нэг, Зөв хүн электорат нэг суудал авч, 121 бие даагчаас нэг нь сонгогдлоо. Тодруулбал, шинэ парламентад 13 эмэгтэй, гурван бөх, хоёр эмч гээд нийт 32 шинэ гишүүн тодорсон бөгөөд тэдний үнэмлэхийг өнөөдөр гардуулна.

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн хүн бүхэн энэ өдрүүдэд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдэж, есөн шидийн шалтаг олж хэлж байна. Сонгуульд ялагдсан ШИНЭ намын дарга Ж.Батзандан, АН-ын дарга С.Эрдэнэ нар хариуцлагаа хүлээж, намын даргын ажлаа өгсөн бол тус намын гишүүн Ц.Оюунгэрэл намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, БНН-ын дарга Б.Жаргалсайхан болон зарим бие даагч сонгуулийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, бусдыгаа хамтдаа тэмцэх, сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалаад байгаа.

Тэр ч бүү хэл сонгуулиар төрсөн нутаг Увс аймагтаа нэр дэвшиж, ялагдал хүлээсэн УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан нутгийнхныгаа “Дууг минь битгий сонсоорой. Би дахиж нутагтаа хөл тавихгүй” хэмээн зарлаж, төрж, өссөн нутгаа “эврээрээ мөргөж”, онигоонд ороод буй. Ийм тийм шалдар булдар хэл амнаас болж, Ерөнхийлөгч хэл ам гаргаад байгаа хэсгийн хороодын саналын хуудсыг гараар тоолохыг үүрэг болгосон. Энэ үүргийн дагуу өнгөрсөн өдрүүдэд бараг бүх хэсгийн хорооныхон дахин цуглаж, саналын хуудсуудыг гараар тоолоод байгаа юм. Гэсэн ч одоогоор сонгуулийн үр дүнгээс зөрсөн, булхай луйвар хийсэн юм гарч ирээгүй, илрээгүй байна.

Тодруулбал, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “2070 хэсгийн хорооноос 846 хэсгийн хороонд буюу 41 хувьд нь хяналтын тооллого хийсэн бөгөөд зөрүүтэй тоо гарсангүй. Энэ удаагийн сонгуулийг ОХУ, БНСУ, Катар, БНХАУ зэрэг улсын сэтгүүлчид болон Монголын нийт 300 гаруй сэтгүүлч сурвалжиллаа. Мөн сонгуулийн үйл ажиллагаанд АНУ, Австрали, Энэтхэг, Япон зэрэг улсын хүмүүс ажиглагчаар ажиллах эрх авч, ажиллалаа” хэмээн мэдэгдсэн. Мөн Архангай аймгийн нэг, Дорнод аймгийн долоо, Өвөрхангай аймгийн арав, Өмнөговь аймгийн 11, Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт хяналтын тооллогыг нэмж хийхээр чиглэл хүргүүлснээ Сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн.

Тэгвэл долдугаар тойрог буюу Дорнод аймгийн гурван хэсгийн хороонд хийсэн хяналтын тооллогод зөрүү гараагүй байна. Харин хамгийн их хэл ам дагуулж буй нь Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрог. Тус тойрог 39 хэсгийн хороотой. Сонгуулийн маргааш гомдол хүсэлтийн дагуу 18 хэсэг дээр гар тооллого хийсэн. Тооллогоор сонгуулийн дүн 100 хувь зөрүүгүй, баталгаажсан боловч зарим нэр дэвшигчээс дахин гомдол гаргажээ. Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр амралтын өдөр үлдсэн хэсгүүд дээр дахин тооллого хийж, 250 гаруй төрийн албан хаагч амралтгүй ажиллалаа. Гэвч хариу мөн л ялгаагүй, эхнээсээ зөрүүгүй гараад эхэллээ.

Нийслэлд УИХ-ын сонгуулийн есөн тойргийн хороо, 451 хэсгийн хороо бий. Үүнээс УИХ-ын сонгуулийн санал авах өдөр 102 хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн юм. Энэ нь нийт хэсгийн хороодын 23 хувь болсон. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн сонгуулийн 127 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ. Ингэснээр нийт хэсгийн хороодын 50 хувьд нь хяналтын тооллого хийгдэж буй юм. Тоонууд мөн л мөргөж, алдаа мадаггүй, зөрүүгүй сонгууль болсныг илтгэнэ.

Ялахаараа сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч, ялагдахаараа хүлээн зөвшөөрдөггүй, булхай луйвар хэмээн цоллож, сонгуулийн хар машин руу хамаг бурууг чихдэгээ хэзээ болих вэ. Эхлээд сонгууль будлиантай боллоо гэсэн. Харин дараа нь сонгуулийн тогтолцоондоо байна ч гэх шиг. Ард иргэдийн тавьсан дүн ийм байна. Харин одоо үүнийг хүлээн зөвшөөрч урд урдах ажлаа хийцгээнэ үү.

Сонгуулийн дараа 23 мянган хүний санал авсан “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаяр тойргийнхоо сонгогч иргэддээ талархлаа илэрхийлсэн шиг жишгийг Монголын улс төрд бий болгох цаг болжээ. Одоо ялагдсан хүмүүс нь ялагдлаа хүлээн зөвшөөрч, алдаагаа засаж, харин ялсан хүмүүс нь амлалтаа биелүүлж, ажлаа хийх хэрэгтэй байна. Тэрнээс тэр ч ингэсэн, энэ ч ингэсэн гээд гомдол хэлээд, айлын эрх хүүхэд шиг эрхлээд, Сонгуулийн ерөнхий хороо ч тэр бүхнийх нь тоогоор толгойг нь илээд байвал ажил явахгүй нь. Ялагдаж сурах нь ч бас улс төрийн соёл.

Таалагдсан ч, эс таалагдсан ч одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй, дараагийн ажилдаа ормоор байна. Коронавирус, улсын төсөв гээд шинэ Засгийн газарт хийх ажил мундахгүй олон байхад сонгуулийн хуудсыг дахин тоолъё, дахин сонгууль зохион байгуулъя гэх мэтээр үр дүн нь ижил зүйл дээр дэмий ажил удаж, олон нийтийн санаа сэтгэлийг ч үймүүлээд баймааргүй байна.

Эх сурвалж: Npost.mn

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн