Урвагч яагаад урвалт хийх болсныг сэтгэл зүйн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан өгүүлэл www.cia.gov сайтад нийтлэгджээ. “Галзуу, солиотой хүн л эх орноосоо урвадаг”, урвагчдыг сэтгэцийн хувьд эрүүл бус гэх эндүү ойлголт байдаг аж. Сэтгэцийн эмгэг эх орноосоо урвах үндсэн шалтгаан болдоггүй байна. Урвагчдын дундах психотик, невротик сэтгэцийн өвчлөл ижил тооны ердийн иргэдийн дунджаас бага. Тэр бүү хэл архинд донтох гэх мэт өвчтэй хүмүүс ч урвагчдын дунд ердийн иргэдээс бага байдаг байна.
Бусад улсад хэлбэрийн хувьд харилцан адилгүй ч албан тушаалтнуудын сэтгэцийн эрүүл мэндийг шалгадаг. Ийм төрлийн шалгалтыг мэргэжлийн психиатр эсвэл сэтгэл зүйчийн боломж байхгүй нөхцөлд ч тухайн хүнд хяналт тавих удирдах албан тушаалтан, эмч эсвэл сурган хүмүүжүүлэгч хийдэг аж.
Сэтгэл зүй хийгээд сэтгэл хөдлөлийн хувьд үндэсний аюулгүй байдалд хамаарах мэдээ, мэдээлэлтэй танилцахад зохимжгүй албан тушаалтнуудыг дээр дурдсан шүүлтүүрүүдээр шүүдэг байх нь. Тэгэхээр урвагчдийн нийтлэг төрх, зан чанарыг тодорхойлох боломжгүй. Харин урвалтад хүргэдэг бие биенээ харилцан үгүйсгэсэн жим байдаг тухай өгүүлэлд дурьдагдсан байдаг.
Цөхрөл –Аз жаргалтай хүн хэзээ ч урвадаггүй
Цөхрөл урвалт хийлгэхэд хүргэсэн байх нь цөөнгүй. Сэтгэл үл ханах, гонсойх, гутрах, ялагдал хүлээх зэрэг нь урвалтад хүргэж болно. Амьдралд тохиолдсон гэнэтийн гачигдал, хүндрэл бэрхшээл эсвэл сэтгэл гонсойлгосон үйл явдлуудын хуримтлалд үзүүлж буй хариу үйлдэл урвалтаар илэрч болно. Өөрөөр хэлбэл дээрх хүчин зүйлүүд (хуримтлагдсаар) хүнийг хариу үйлдэл хийхээс өөр аргагүйд хүргэдэг гэсэн үг. Зарим нь албан тушаал ахиагүйдээ сэтгэл нь гонсойдог бол нөгөө хэсэг нь ажлаа шалгуулахаас эмээсэндээ шаналалд автана.
Урвагчид чухам юуны учир сэтгэл дундуур байдаг юм бол?
Аз жаргалгүй байх нь хүний амьдралд тохиолдож мэдэх тоо томшгүй үйл явдал, үүсч болох үй олон нөхцөл байдлаас шалтгаалж болно. Идеологи буюу үзэл суртал дангаараа урвах шалтгаануудын дунд доогуур эрэмблэгддэг нь таныг гайхшруулж магадгүй. Тийм ээ, урвалт нь үзэл суртлаас илүү хувийн асуудлаас үүдэлтэй байх магадлал илүү.
Үүнд гэр бүлийн элдэв маргаан, гэр бүлээс гадуурх харилцаа, бэлгийн чиг хандлага, архидалт, мөрийтэй тоглоом, мөнгө санхүү, карьер гэх мэт байж болно. Харин идеологи дангаараа урвахад хүргэх нь ховор. Ленинизм эсвэл коммунист идеологиос үүдэлтэй урвалт бүр нэн ховор. Үндсэрхэг үзэл, шашин гэх мэт итгэл үнэмшил урвалтын шалтгаан болох магадлал хавьгүй илүү ч эдгээр нь түүхийн хувьд газар зүйн тодорхой хил хязгаарт баригдсаар ирсэн, товчхондоо нийтлэг үндэслэл байж чаддаггүй ажээ.
Урвалт бол идеологи гэхээс илүү хувь хүнтэй холбоотой асуудал юм. Бидний дунд ч урвагчид байсан бөгөөд тэд миний дээр дүрсэлсэн тодорхойлолттой нийцэж байна. Урвалтын сэтгэл зүй идеологиор зогсохгүй соёл хоорондын ялгаанд баригддагүй. Урвалтыг тэгвэл хүний амьдралд нэрмээс болдог элдэв хүндрэл, гачигдалд үзүүлж буй хариу үйлдэл гэж ойлгож болно.
Тодруулбал, гачигдал, урвалтад хүргэсэн нөхцөл байдал болон тухайн хүний амьдралын замнал буюу хүний сэтгэл зүй хоорондоо харилцан хамааралтай юм. Гай зовлон ноцтой байх тусам тухайн хүний сэтгэл зүй, өмнөх амьдралын замналын урвалтад хүргэх нөлөө багасахыг харж болно. Амьдрал нь өөдтэй яваа нэгэнд урвах сэдэл төрөх нь цөөн. Урвагчдад урвах хувийн сэдэл эсвэл сул буюу эмзэг тал байгаад зогсохгүй олон тохиолдолд гадны хүчин зүйл, нөхцөл байдал нөлөөлсөн байдаг.
Өс санаж, хариугаа авах гэж урвадаг
Гэтэл зарим хүмүүс ердөө дургүй нь хүрсэндээ, шагнал урамшуулал эсвэл албан тушаалаас хоцорсондоо, үл тоомсорлуулсандаа, бусдад доромжлуулсандаа урвадаг байна. Тэд өс санаж, хариугаа авах гэж урвадаг.
Эх орныхоо хууль шүүхээс зугтсандаа урвасан хүмүүс ч бий. Эд хөрөнгө завшин шамшигдуулагч нэгэн Даваа гараг аудитын шалгалт орохыг дуулаад АНУ-ын сонирхлыг татах тагнуулын мэдээлэлтэйгээ мэдэх учир бидэнтэй наймаалцахаар яаран ирж байсан удаатай. Зарим хүмүүс өөрсдийг нь сэжиглэн шалгаж байгаа гэдэгт итгэн урваж байв. Тэд айсандаа, магадгүй гэмшсэндээ эсвэл хамтран зүтгэгчдээ сэрдсэндээ урвасан юм.
Амьдралд тохиолдох гачигдал, гай зовлонгийн олон нь нас болон нөхцөл байдалтай холбоотой байдаг. Жишээлбэл, хил манаж буй 21 настай цэргийг дотны хүнээс нь харилцаагаа тасалж буйгаа илэрхийлсэн захидал л урвахад хүргэж болно. Залуу насны дэврүүн бодол, өөрөөр хэлбэл түүний гүйцэт төлөвшөөгүй байдал үүний шалтгаан байж болно. Харин тушаал дэвшихгүй байх нь карьераа дөнгөж эхэлж буй түүнд төдийлөн нөлөөлөхгүй. Эсрэгээрээ албан тушаалаас хоцорсон 51 настай нэгэнд уг үйл явдал илүү хүндээр тусах нь тодорхой.
Зарим урвалт амь дүйсэн эрсдэлтэй байх нь бий. Энэ бол бие махбодийн аюулаас мултрах, эсвэл сэтгэл гутралаас зугтах гэх мэт аргаа барсандаа хийсэн үйлдлүүд юм. Зарим урвагчид амиа хорлохоор завдах нь ч бий. Нөгөө хэсэг нь байсан газартаа амьдрах дур хүсэлгүй болтлоо цөхөрч түүнээсээ ямар ч аргаар хамаагүй мултран хоёрдахь боломж хайгсад байдаг. Ийм төрлийн хүмүүсийн шинэ амьдрал санаснаар нь болоогүй нөхцөлд буцаж урвах магадлалтайг дурдах нь илүүц биз.
Урвагчдын сэтгэл зүйд түгээмэл тохиолдох зүйл бол психоанализын онолд дурдагддаг сэтгэл зүйн хамгаалалтын механизмуудын нэг болох проекц юм. Тодруулбал, тэд гэм буруу, хариуцлагыг өөрөөс холдуулан бусдад тохон нялзааж сэтгэл санааны хувьд “цэвэр” үлдэхийг эрмэлздэг. Тэд тохиосон гачигдал юунаас улбаатай байхаас үл хамаарч учир шалтгааныг өөрөөсөө гэхээс илүү гаднаас үүдэлтэй гэж үзэх ба ингэж гэмээн сэтгэлээ цэвэр авч үлддэг.
“Хувийн өс хонзонг зарчимтай хольж хутган хамаатуулдаг хүнээс илүү аюултай нь үгүй” хэмээн Британийн түүхч нэгэнтээ ёжтой хэлсэн.
Урвалт нь тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралын хүрээнд хувийн ач холбогдол бүхий зүйл болон хувирах нь элбэг. Заримдаа урвалт нь тэдэнд амьдралд өмнө тохиосон элдэв зовлон, гачигдал тэр дундаа эцэг эхдээ үхэл хагацал, гэр бүл салалт зэргийн улмаас хаягдсанаа давтаж буй мэт байх нь бий.
Бодит байдал дээр цөөн хүн л бүрэн бие дааж гадны ямар ч оролцоо, туслалцаагүйгээр амьдрах чадвартай билээ.
Бидний ихэнхи нь хайрлуулж халамжлуулах, хамгаалуулах гэх зэрэг (сэтгэл зүйн) хэрэгцээнээс хамааралтай ба аливаа харилцааг дийлэнхидээ эдгээр хэрэгцээг бие биедээ харилцан нөхөн далд шаардлага дагадаг. Аль ч нийгэмд хувь хүн, байгууллага гэлтгүй бүх оролцогч талуудын хооронд бичигдээгүй нийгмийн гэрээ бий. Урвалт тухайн хүн төр засгийн энэхүү бичигдээгүй гэрээгээр хүлээсэн үүргээ умартсан гэж үзсэнээс үүдэлтэй байх нь олон. Харилцан хүлээсэн үүргээр бий болсон холбоо ийнхүү үгүй болж төр засгаа өөрөөс нь урвасан гэж үзсэнийхээ хариуд тэр урвадаг.
Байгууллагын гардаж буй урвагчид гол төлөв ихээхэн прагматик, гүйлгээ ухаан сайтай бөгөөд амиа хичээгсэд байх бөгөөд тэд нүүр буруулсан тогтолцооныхоо идеологийг хүлээн зөвшөөрдөггүй байх нь элбэг.
“Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй” гэдэгчлэн тэд тухайн тогтолцооны алдаа завхралыг сайтар ухаж ойлгосон байдаг. Тэд тогтолцоог хувийн ашиг хонжоо олоход ашиглана. Тогтолцоо зорилгод нь хүргэх боломжгүй болгох үед эсвэл өөрсдийнх нь эсрэг гэнэт эргэхэд л тогтолцоонд учирч буй хүндрэл бэрхшээл тэдний анхаарлыг татаж сэтгэлийг нь хөдөлгөж эхэлдэг. Дэлхий даяар идеологиос үүдэн эх орноо орхисон иргэд үй олон бий нь эргэлзээгүй. Харин Байгууллагын тодорхойлсон “эх орноо орхисон” хүмүүс бол эдгээр дарлагдсан иргэд биш юм. Дарлагдсан иргэд хэрхэн наймаалцах, эсвэл бидэнд худалдах мэдээлэлд хүрэх билээ. Урвагчид хэзээ ч идеологид баригдаагүй нь сэтгэл зүйн хувьд тэднийг урвахад амар болгосон байж болох талтай. Идеологид автаагүй хүн ч бухимдлаа улс төртэй холбон илэрхийлж болно. Тухайн хүн өөрийгөө ийм байдлаар тайлбарлахаар шийдсэн эсвэл улс төрөөр бухимдлаа халхавчлах нь илүү үнэмшилтэй сонсогдоно гэж үзсэн үед ийм нөхцөл үүсэх магадлал өндөр. Түүнчлэн идеологийн аргументууд нь хувийн сэдэл эсвэл хувийн ичгэвтэр нууцаа илчлэхээс нүүр бага улайлгана шүү дээ.
Үргэлжлэл бий