Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.26/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн нийтэд 9.679 сая халдварын тохиолдол илэрч, 488 мянган хүн нас баржээ. 8.2 сая хүн эдгэрч, 3.1 сая хүн эмчлүүлж байна.
Өчигдөр 150 мянган халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4000 хүн эндлээ. Сүүлийн 24 цагт АНУ-д 38 мянган тохиолдол илэрлээ. Тус улсад нийт 2.374 сая хүн халдвар авч, 126 мянган хүн эндээд байна. Ирэх долоо хоногт АНУ-д халдварын оргил үе болно гэж шинжээчид үзэж байна.
Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7113 шинэ тохиолдол илэрсэн бол Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 49-140-аар нэмэгдлээ. Тувад 140 тохиолдол илэрсэн бөгөөд тэнд түргэн тусламжийн үйлчилгээ доголдож буй гэнэ. Тиймээс Оростой хил залгаа манай аймгийнхан анхааралтай байна уу.
Өчигдөр Москва-УБ чиглэлийн онгоц, найман автобусыг ариутгалаа. Манай улсад 2566 иргэн ажиглалтад байна. 126 хүн нэмэгдэж, 17 хүн хасагдсан. Үүн дотор 1-5 насны хүүхэд 130, жирэмсэн 53, архаг өвчтэй 243 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 93 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 16 хүн байгаа. Зургаан хүний биеийн байдал хүнд байна. ЦТЭ-т 13 эмч, 42 сувилагч ажиллаж байна. 324 хүн гэрийн тусгаарлалтад байгаа юм.
119 дугаарт 164 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 4 орноос 4 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.