Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит мэдээллээ хийв. Тэрбээр “Зургаадугаар сарын 24-ний өдөр дөрвөн лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийхэд, 332-т нь коронавирус илрээгүй. Харин Сиэтл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүнд коронавирус илэрсөн бөгөөд халдвар илэрсэн иргэн 64 настай эмэгтэй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байгаа.
Нийт батлагдсан тохиолдол Монгол Улсын хэмжээнд 216 үүнээс эдгэрсэн 169 байна. Эмчилгээнд байгаа 47 хүний биеийн байдлыг үнэлбэл 41 нь хөнгөн, зургаа нь хүндэвтэр байгаа.
Өнөө өглөө ОХУ-аас ирсэн 114 зорчигч ирсэн. Гурван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-т тусгаарлаад дараагийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ хангаж байна” гэв.
COVID-19 халдварын батлагдсан өмнөх 215 тохиолдол:
2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ.
2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ.
2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
2020.04.16: ОХУ-аас ирээд “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ.
2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ.
2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ.
2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.18: Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
2020.06.22: Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.