Манайд сүүлийн хэд хоногт бүртгэгдсэн “Ковид-19”-ийн халдвартай хүмүүсийн олонх нь ОХУ-аас орж ирсэн ачаа тээврийн жолооч. Хойд хөршид халдварын тархалт буурахгүй, өдгөө коронавирусээр өвчилсөн хүний тоо 600 мянгад хүрээд байна. Манайхтай хиллэдэг ОХУ-ын Буриад, Тува, Читад өвчлөл сүүлийн 24 цагт 43-160-аар нэмэгдэн, эмнэлгүүдийнх нь ачаалал хэтэрч байгаа аж. Тодруулбал, Тувад 3575, Буриадад 2634, Читад 2667 хүн халдвар авчээ. Үүний улмаас манай хилийн дагуух аймгуудад халдварын эрсдэл нэмэгдэж байгааг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл сэрэмжлүүлэв. Ташрамд дурдахад, манай улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 82 хувь нь ОХУ-аас ирсэн хүмүүсээс илэрсэн аж. Батлагдсан 215 тохиолдлын 201 нь Монгол Улсын иргэн бол 14 нь гадаадынх гэнэ.
Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд 2136 хүн тусгаарлалтад байсны 115 нь 0-5 насных, 46 нь жирэмсэн, 227 нь архаг, хууч өвчинтэй аж. Тэднээс эмнэлгийн тусламж шаардлагатай 89 хүнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан бөгөөд зургаа нь “Ковид-19”-өөс бусад өвчний улмаас эрчимт эмчилгээ хийлгэж байгааг албаныхан мэдээллээ.
Бэлтгэсэн: О.Оргилох