УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгээр МАН 63 суудал, АН 10 суудал, Зөв хүн электорат эвсэл нэг, Та бидний эвсэл нэг суудал авч цагтаа Ардчилсан намыг тэргүүлж явсан ч сонгуульд бие даан нэр дэвшсэн Норовын Алтанхуяг нар ялалт байгууллаа. Ардчилсан нам найдвар тавьсан сонгуульдаа дахин бүдэрснээр сонгуульд ялагдуулсан хүнд хариуцлага тооцож, даргаа солих кампанит ажлыг өрнүүлэх нь тодорхой боллоо.
Бусад улс төрийн намуудтай харьцуулахад МАН-тай ижил гишүүнчлэл олонтой, хот, дүүрэг, аймаг, суманд анхан шатны нэгжтэй АН сонгуульд ялагдахад нөлөөлөхүйц хэд хэдэн шалтгаан байсныг сонгуулийг өмнө хэвлэлүүд ч, энэ намын улстөрчид ч зөгнөн хөндөж байсан юм.
Нэг: Лидерүүдийн мөнхийн зөрчилтэй АН-ыг энэ удаагийн сонгуульд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүлэн оролцлоо. С.Эрдэнэ 2017 оны эхээр АН-ын дарга болмогцоо 2016 оны УИХ-ын сонгуулиар 9 суудалтай авч УИХ-д бүлэг байгуулсан намын бүлгээ задлан, Ж.Батзандан, Л.Болд нарыг АН-аас хөөж, Б.Муратад хатуу анхааруулга өгч байв. Парламент дахь сөрөг хүчин, АН-ын бүлгээ хагалан бутаргаснаар С.Эрдэнийн ноёрхол АН-д тогтож, энэ нам УИХ-ын сонгуульд бүтэлгүйтэх эхлэлээ тавьсан гэхэд болно.
Хоёр: Сонгуулийн өмнөх 1 жилийн хугацаанд АН-ын гишүүд УИХ-д нэр дэвших квот олж авахын төлөө ил цагаан тэмцэл өрнүүлж байв. Харин АН-ын дарга С.Эрдэнэ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цэвэр улстөрч сонин биш. Зөвхөн мөнгө л сонирхож, сонгуулиас хагас жилийн өмнө АН-д ханш тогтоон УИХ-ын сонгуульд өрсөлдөх гишүүдээсээ 100 сая, нэмээд 400 сая хүртэл төгрөгийг хурааж эхэлсэн нь нийгэмд “АН Төрийн эрхийг хууль бусаар авах 60 тэрбумын схем хэрэгжиж эхэллээ” гэсэн ойлголтыг түгээсэн билээ. Энэ яриаг МАН ч юм уу, өөр улс төрийн намууд гаргаагүй. Гомдож гайхсан АН-ын гишүүд дэлгэсэн байдаг.
Гурав: З.Энхболд АН-ын шийдвэр гаргах түвшинд орж ирсэн нь энэ намын УИХ-ын сонгуульд ялагдал хүлээх болсон бас нэг шалтгаан болов. Намаа 2016 оны сонгуульд ялагдуулж, УИХ-д ердөө бүлэг байгуулах хэмжээний суудалтай үлдээсэн З.Энхболд бүтэн 2.5 жил Төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албыг хашихдаа нэг ч удаа АН-аа гэж байгаагүй. Харин ч эсрэгээр намаа чичилж, авлигачдын үүр болсон гэх ойлголтыг түгээж, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Эрдэнэбат тэр ч бүү хэл С.Эрдэнээ тасралтгүй харлуулж байж, Н.Алтанхуягтай зэрэгцэн Шударга бусын хонгилын талаар мэдээлж байв.
Ийм нэгэн хүн 2020 онд дахин АН-ын шийдвэр гаргах түвшинд орж ирээд шууд л С.Эрдэнийн муу нэр зүүн байж арай гэж цуглуулсан намын санхүү, УИХ-д сойхоор бэлтгэж байсан боловсон хүчний бодлого руу халдсан юм. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодрох өдөр С.Эрдэнэ шийдвэрээ бүрэн хэрэгжүүлж чадаагүй. З.Энхболд квотоо АН доторх бүлэглэлүүдэд хуваагаад өгчихсөн.
Дөрөв: Сонгуулийн санхүүжилтээ зөв зарцуулж чадаагүй нь АН-д ялагдал авчрах бас нэг том шалтгаан болж өглөө. С.Эрдэнийн хуримтлуулсан хөрөнгийг З.Энхболд орж ирсэн цагаасаа дур мэдэн зарцуулалцсан бөгөөд энэ удаа АН сонгуулийн сурталчилгаа, хэвлэл мэдээлэлд бараг хөрөнгө зараагүй гэж хэлэхэд болно. Цөөн тооны хэвлэлтэй сурталчилгааны гэрээ хийснийг эс тооцвол АН дээр пиарын баг ажиллаагүй.
Ажиллахаар очсон хэвлэл болон сурталчилгааны мэргэжилтнүүдийг дутуу үнэлж, ажлын хөлсөн дээрээ луу унжиж, чирэгдэл учруулж ирсэн хүмүүсээ үргээсэн мэдээ сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд тасралтгүй дуулдаж байв. Бусдын ажлын хөлсөнд харам хандсан АН-ын Төв штаб сурталчилгааны багаас бодлогын чанартай олигтой мэдээ ч гараагүй. Гарсан, түгээсэн мэдээ нь голдуу хар пиар талдаа байсан болохоор хэвлэлүүд ч дамжуулахыг хүссэнгүй.
Тав: Намын зүгээс бодлогын тодорхой дэмжлэггүй нэр дэвшигчид сонгуулийн тойрог, өрсөлдөөний талбарт гарч ирээд өвдөг сөхөрч байв. Сонгуульд хамгийн том дэмжлэг үзүүлдэг намын анхан шатны нэгж, дүүрэг, аймаг, сумын АН-ын хороод, гишүүдийн ажиллах сонирхол ч бага болсон байжээ. Нэг нь намын дарга болмогцоо бусдаа хөөчихдөг, хөөгдсөн нэг нь хэсэг нөхдөө аваад салан тусгаарладаг гажиг жишиг энэ намд байдаг. Ийм салан тусгаарлалтууд, УИХ-д нэр дэвшүүлэхгүй бол бие даана гэж айлгадаг лидерүүдээ дагасан энгийн гишүүдийн нүүдэл зэрэг нь АН-ын орон нутаг дахь багийн хүчийг юу ч үгүй тарамдуулсан байхыг нэр дэвшигчид нь ярьцгааж байна.
Нэгэнт намын дэмжлэггүй өрсөлдөхөө ойлгосон нэр дэвшигчид сонгуулийн төгсгөлийн өдрүүдээр мөнгө тараасан хэл аманд нэлээн өртөж байлаа. Тойргуудад АН-ын нэр дэвшигчид мөнгөөр бороо оруулж байна гэсэн мэдээ цацагдаж, гайхшаа барсан иргэд “Бондын мөнгө, авлигын мөнгө, оффшорын мөнгө олон жил дарагдаж байгаад гарч ирж байгаа юм байх даа” гэлцэж байв.
С.Эрдэнэ нэг ч удаа намын зүгээс ч, намын даргын зүгээс ч нэр дэвшигчдээ дэмжлэг үзүүлээгүй. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны төгсгөлийн 7 долоо хоногт хийсэн ганцхан үйлдэл нь “АН хэрвээ УИХ-д ялах юм бол Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилно” гэсэн мэдэгдэл. Гэвч санал хураалтын өдөр С.Эрдэнэ, Р.Амаржаргалтайгаа өвдөг шороодов. Хаа очиж АН-гүй бие даан өрсөлдсөн гэхэд 10 хүн УИХ-д суудал олоод ирлээ. АН гэдэг малгай дор нэгддэг хүн болгон энэ 10 хүнд талархах хэрэгтэй байх. Тэд үнэхээр бор зүрхээрээ өрсөлдсөн юм шүү. Одоо АН-ынханд намаа С.Эрдэнэ, З.Энхболд гэдэг чагтнуудаас салгаж, орон нутгийн сонгуульд оролцох том ажил үлдлээ дээ.
Д.ЖАРГАЛАН
1 comment
Эрдэнэ даргын зөв Харин маш сайн ажилласан. Нөхцөл байдлаа зөв тодорхойлсон. АН хаашдаа цухуйхгүйг мэдэж байсан учир баахан дуртай гаруудаас 100, 100 саяыг гаргуулж аваад дэвшүүлсэн . Мэдээж унах хүнд юу гэж мөнгө зарцуулдаг юм. Дэвшсэн үү? дэвшсэн Унасан уу? унасан Мөнгийг нь зарцуулаад дууссан гээд болоо Эр хүн гэж үнэлнэ