Монгол Улсын УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17.40 цагт буюу тахиа цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн санал өгөх байранд саналаа өглөө. Үүний дараа Ерөнхийлөгч хэвлэлийнхнээр дамжуулан ард түмэнд хандаж доорх үгийг хэллээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүгдэд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улс УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалтыг өнөөдөр явуулж байна. 1990 онд Ардчилсан Монгол Улс болсноо дэлхий даяар зарласнаас хойш 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд алдаж, онож олон замуудыг туулсан. Энэ удаагийн сонгуульд ард түмэн минь идэвхитэй оролцож, ялангуяа залуучууд энэ сонгуульд саналаа идэвхийлэн өгөөрэй гэж хүсч байна.
Сая 17.00 цагийн байдлаар нийт орон даяар санал хураалтын ирц 40 гаруй хувьтай байна. Улаанбаатар хотод нэлээн идэвхитэй байна. 50 гаруй хувьтай байна гэсэн мэдээ авсан. 22.00 цагт санал хураалт зогсоно. Залуучууддаа хандаж “Та нарын санал энэ улс орны хөгжилд чухал шүү” гэдгийг хэлье.
Энэ удаагийн сонгууль УИХ-ын 8 дахь удаагийн сонгууль гэдгийг түрүүн би хэлсэн. Бид нар гэртээ бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа гарал үүсэл, хаана үйлдвэрлэсэн зэргийг маш сайн харж авдаг. УИХ-д сонгогдож байгаа, энэ УИХ-ыг бага ард түмэн гэж хэлдэг. Энэ удаагийн 76 гишүүнийг бараа сонгож байгаагаас илүүтэйгээр маш цензуртайгаар сонгож гаргаарай гэж Та бүхнээс хүсье.
Санал худалдаж авах гэсэн оролдлого гарлаа гэдэг асуудал нэлээн олон тойрог дээр гарч байна. Энэ бол үе үеийн УИХ-ын сонгуулийн үеэр яригддаг. УИХ-д уул уурхайн бизнес эрхэлдэг асар их хүмүүс орж ирдэг. Энэ уул уурхайн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ их мөнгөөр санал худалдаж авах, гэмт хэрэг хийсэн хүмүүс энэ УИХ-д орж ирж толгой хоргодох гэсэн ийм нөхцөл байдал сүүлийн сонгуулиудаар ажиглагдаж байгаа гэдгийг ард түмэндээ дахин дахин хэлэх гэсэн юм хэмээн хэллээ.