Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Л.Наранбаатарыг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан билээ. Тэрбээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч гурван удаа хойшилсны эцэст өнөөдөр Улсын дээд шүүх дээр түүний нэхэмжлэлийг хэлэлцлээ.
Улсын дээд шүүх Л.Наранбаатарт холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд түүнийг УИХ-ын 22-р тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг СЕХ-д даалгажээ.
Түүний өмгөөлөгч Ш.Алтангадасын хэлснээр “Бид Улсын дээд шүүхэд Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэж өгөхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг даалгаж шийдвэрлэлээ. Ингэснээр албан ёсны шүүхийн шийдвэрээр Л.Наранбаатар нь нэр дэвших эрхтэй гэсэн үг. Дээд шүүх эцсийн шатны шийдвэрийг гаргадаг учраас бүх шатны байгууллагууд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тиймээс СЕХ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Л.Наранбаатарыг УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудаст нэрийг нь бичиж сонгогдох эрхийг нь хангах үүрэгтэй” гэлээ.