Азийн хөгжлийн банк (АХБ) Монгол Улсын нийгэм, эдийн засаг түүний дотор хүн амын эмзэг бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдэд коронавируст цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор 26.4 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэв.
“COVID-19 тархсанаас үүдэн иргэд ажлын байраа алдаж, орлого нь багасч байгаагийн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нь ядуу, эмзэг бүлгийн хүн амд илүү сөргөөр нөлөөлнө” гэж АХБ-ны Нийгмийн салбарын Ахлах мэргэжилтэн Карин Шелциг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр “АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжих Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хүрээнд хүн амд олгох хүнсний эрхийн бичиг болон мөнгөн тэтгэмжийг тодорхой хугацаанд нэмэгдүүлэх бөгөөд нийгмийн хамгааллын зорилтот бүлэгт чиглэсэн хоёр хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжинэ” хэмээв.
Монгол Улс COVID-19 цар тахлын эсрэг арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэй хэрэгжүүлснээрээ тархалтыг хязгаарлаж чадсан. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн эрсдэлийн түвшин өндөр хэвээр байгаагийн зэрэгцээ эдийн засгийн өсөлт саарч улмаар улс орны эдийн засагт олон сөрөг асуудал тулгарч байна. АХБ-ны тооцоолж буйгаар Монгол Улсын эдийн засаг 2020 онд олон улсын зах зээлд эрэлт буурч байгаагийн дам нөлөөнд өртөхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, хэрэглээний бууралтаас үүдэх томоохон цочролуудад өртөх аж.
Хямралын өмнө Монгол Улсад ядуурлын түвшин 28.4 хувь байсан. Гэсэн хэдий ч ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр жагсах хүн амын тоо, эзлэх хувь хэмжээ хэт өндөр хэвээр байна.
COVID-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдрөөс Мөчлөг Сөрсөн Хөгжлийн Санхүүжилтийн Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг түр хугацаанд нэмэгдүүлэн олгож байна. Улмаар тавдугаар сарын 6-нд Засгийн газар хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийг өргөжүүлэх зэрэг нийгмийн халамж үйлчилгээтэй холбоотой авч хэрэгжүүлэх бусад арга хэмжээг зарласан.
Төслийн хүрээнд Хүүхдийн мөнгөн тэтгэмж болон Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрийн дагуу сар бүр олгодог тэтгэмжийн хэмжээг түр хугацаанд буюу энэ оны есдүгээр сарыг дуустал нэмэгдүүлэн олгоход шаардагдах эх үүсвэрийг санхүүжүүлнэ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг Монголын нэг сая гаруй хүүхдэд олгодог бөгөөд уг мөнгийг цахим хэлбэрээр хүлээн авагчийн данс руу шилжүүлдэг. Харин хүнсний эрхийн бичиг нь мөнгөн дэмжлэгтэй адилтгахуйц бөгөөд цахим картыг цэнэглэх байдлаар, мөн алслагдсан орон нутагт байгаа иргэдэд цаасан эрхийн бичиг олгодог. Уг эрхийн бичгээр иргэд сүү, ногоо зэрэг өргөн хэрэглээний 10 төрлийн хүнсний бүтээгдэхүүн авах эрхтэй байдаг.
Хүнсний эрхийн бичиг олгох хөтөлбөрт нийт 240,500 иргэн хамрагддагаас 118,000 нь хүүхдүүд байна. Нийт хамрагдагсдын 53 хувь нь охид, эмэгтэйчүүд бөгөөд хөтөлбөр нийт 44,325 (хүн амын нэн ядуу бүлгийн 5%) өрхийн амьжиргааг дэмжиж байна.
Энэхүү төсөл нь АХБ-наас COVID-19 цар тахлын үед Монгол Улсад үзүүлж буй багц дэмжлэгийн чухал хэсэг бөгөөд уг төслөөс өмнө АХБ хэд хэдэн төрлийн багц дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, эмнэлгийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмж, хэрэгсэлд зориулсан буцалтгүй тусламж, богино болон дунд хугацааны хариу арга хэмжээг дэмжих, үүний дотор эрүүл мэндийн аюулгүй байдлыг дэмжих 40 сая ам.долларын зээлийн санхүүжилт, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих 24 сая ам.долларын дахин хуваарилалт, мөн түүнчлэн мөчлөг сөрсөн хөгжлийн санүүжилтийг дэмжих 100 сая ам.долларын санхүүжилт зэргийг олгохоор шийдвэрлээд байна.
Төслийн нийт өртөг 270.79 сая ам.доллар бөгөөд үүний 239.39 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар хариуцна. Мөн Дэлхийн банк 5 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өргөжүүлэхэд олгоно.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт хэт ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
Эх сурвалж: Азийн хөгжлийн банк