Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүний санаа бодлыг урвуулах арга, ажиллагааны талаар Ноам Хомский 30-аад жилийн өмнө бичиж байжээ. Үүнээс хойш интернэт, олон нийтийн сүлжээ хөгжиж, мэдээллийн урсгал улам бүр нэмэгдэж, медиа хэрэгслүүд нийгэмд асар их нөлөөлөл үзүүлэх болов. Харамсалтай нь эерэг нөлөөлөл тун цөөн байгаа юм.
Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ гэсэн арга, техникүүдийг уншигч Та ч мэдэж байхад илүүдэхгүй. Энэ нь Танд мэдээлэл дунд төөрөлдөхгүй байх чадамжийг бий болгох нэг алхам болох юм.
Мэдээллийн урсгал нь хэт чөлөөтэй, асар их мэдээлэлтэй нийгэмд амьдарч байгаа иргэдийн хувьд “Мэдээллийн дайн”-ы оролцогч болохгүйн тулд авч байгаа мэдээллээ боловсруулах, ямар арга техник ашиглаж бэлтгэсэн мэдээлэл болохыг үнэлж, дүгнэх наад захын чадварыг эзэмшсэн байхыг цаг үе шаардаж байна. Уншигч Таныг төөрөгдүүлж мэдэх, хүний сэтгэл зүйд нөлөөлөхүйц мэдээллийн арга техникээс хэсэгчлэн танилцуулж байна.
Анхаарал сарниулах: Хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруугаар ашиглаглахыг санаархсан этгээдүүд заримдаа бусдын анхаарлыг сарниулахын тулд зохиомол дуулиан дэгдээдэг. Дуулиан өрнөж байх явцад олон нийтэд хэрэгтэй хамгийн чухал мэдээллүүд огт хэрэггүй олон мэдээлэл дунд живж орхидог.
Интернэт гарч ирж, хүмүүс мэдээллийг олон янзаар авдаг болсон ч энэ асуудал нааштайгаар шийдэгдээгүй байна. Харин ч иргэд интернэтийн хөгжилтэй зураг, амьдралын элдэв шалдав түүхэнд хэт их анхаараад, улс оронд, хүмүүсийн амьдралд чухал нөлөө үзүүлэх үйл хэрэг, шийдвэрүүдэд анхаарлаа хандуулах чадамж нь сулардаг.
Хэдийгээр ийм боловч бидэнд нийгэмд өрнөж буй аливаа мэдээлэлд буурь суурьтайгаар шүүлтүүр тавих сонголт бий.
“Юу ч үгүй”-гээс асуудал үүсгэх: Заримдаа зорилтот бүлгүүд зохиомлоор, хэтрүүлэгтэй дуулианыг дэгдээдэг. Энэ нь нийгэм даяар дуулиан тарих нь бий. 2016 онд NASA-гийн хэвлэл дээр одон орон судлал нь нарийн шинжлэх ухаан байсан бол ордуудын тэмдэг холилдох байсан гэж мэдээлжээ.
Жишээлбэл, Охины орд Арслангийн орд болох байв. Гэтэл Cosmopolitan сэтгүүл шинжлэх ухааны энэ нээлтийг өлгөн авч, хүмүүсийн 80 хувь нь ордоо өөрчлөх шаардлагатай гэж мэдээлжээ. Энэ мэдээлэл маш хурдан түгж, NASA мэдээллийг үгүйсгэхээс өөр аргагүй болсон юм.
Шинжлэх ухааны түвшиний судалгаа нь маш нарийн хийгддэг.. Мэдээж эхлээд таамаг бий болно. Дараа нь тэрхүү тамгийг баталдаг. Тэгэхээр мэдээлэл хүлээн авагчид нь хүлээцтэй, тэвчээртэйгээр эрдэмтэн судлаачдынхаа эцсийн үр дүнг хүлээх нь аль аль талдаа хүндэтгэлтэй хандаж буй илрэл болов уу? Соёлт нийгэмд амьдарч буй иргэдийн хувьд эхлээд мэдээлэл цуглаалж, дараа нь түүнийгээ боловсруулж, дараа нь ярих нь шинэ шинэ боломжуудыг бий болгох гарц ч байж мэдэх юм.
Аажмаар нэвтрэх стратеги: Хүмүүст тодорхой санаа бодол суулгахын тулд аль нэг сэдвээр шууд биш, алгуурхан байдлаар мэдээ материал олон нийтэд хүргэдэг. Ийм байдлаар хэрэгтэй хүн, үзэгдэл, бүтээгдэхүүнийг бий болгодог.
Жишээлбэл, орон орны хэвлэлүүд хүнсний бүтээгдэхүүн, эсвэл тодорхой брэндийн өдөр тутмын барааг ийм байдлаар зах зээлд нэвтрүүлдэг. Хэвлэл мэдээллийг том концернуудын ашиг сонирхлын лоббид ашигласан хамгийн том жишээ бол ХХ зууны дунд үед тамхийг алдаршуулсан явдал юм.
Хойшлуулах стратеги: Олонд нэр хүндгүй шийдвэрүүдийг батлахад нөлөөлөхийн тулд тэдгээрийг “зовиуртай, гэхдээ шаардлагатай” мэтээр танилцуулж, маргааш нь хэрэгжүүлэхээр хойшлуулж болно. Хүмүүс ч маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги гэх хандлагаар хойшлуулахыг илүү амархан хүлээн зөвшөөрдөг.
Үүний нэг жишээ бол сүүлийн жилүүдэд болж буй тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалтууд, суртал ухуулга, авторитаризм дээр суурилсан хөгжиж буй орнуудын олон жилийн дарангуйллын систем зэрэг юм.
Ард түмний толгойг илэх: Зар сурталчилгаа нь хүүхдэд хэрэглэдэг шиг хэл, тайлбар, бэлгэдэл, дуу чимээг ашигладаг. Харилцааны ийм хандлага нь аливаад шүүмжлэлтэй хандахыг бууруулдаг байна. Брэндүүд таныг дээдэлж, бөхөлзөх нь холгүй, хамгийн энгийн байдлаар ханддаг. Харин хэвлэлүүд нэлээд захирангуй өнгө аясаар ханддаг нь тэд танаас ч илүү мэддэг гэх санаа юм.
Бодит оюун ухаанаас илүүтэй сэтгэл хөдлөлд автуулах: Сэтгэл хөдлөл, мэдээлэл хоёр бие биетэйгээ нэгдэх нь сайны шинж биш юм. Сэтгэл хөдлөл нь аливаа баримтыг бодит өнцгөөр хүлээн авахад саад учруулж, аливааг зөвөөр дүгнэх боломжгүй болгодог. Үүнээс болж бодит байдал гажууддаг гэмтэй.
Хүмүүсийг боловсролгүй бүдүүлэг хэвээр байлгах: Өөрсдийг нь яаж удирдаж байгааг ойлгохгүй болсон нийгэмд эрх мэдэл бүхий шийдвэр гаргах түвшнийхэнд олон нийтэд мэдээллийг түргэн шуурхай хүргэх зүйл “гол” зэвсэг нь болдог байна. Аливаа асуудлыг гүн гүнзгий ухаж ойлгохгүй байна гэдэг бол боловсрол дутуу байгаагийн шинж.
Элитүүд болон энгийн хүмүүсийн хоорондын мэдлэгийн түвшин эрс ялгаатай байдгийг Хомский ч тогтоосон байдаг. Гэхдээ цифрийн эрин үе биднийг ямар гаралтай гэдгээс үл хамааран их боломж олгодог тул нэг байрандаа удаан байж болохгүй. Тиймээс мэдээлийн эрэн үед нийгэмтэйгээ хөл нийлүүлэн хөгж.
Массыг хэр тааруу зүйл сонирхох сэдэл төрүүлэх: Эдний хараат мэдээллийн хэрэгслүүд нь масст тэнэг, хүмүүжилгүй, олиггүй байх нь зүгээр гэсэн бодол төрүүлж, сэдэл өгөхөөс огт ичдэггүй байна. Тиймээс элдэв янзын шоу, хэдэн арван үзэгдэлтэй кино, бүсэлхийнээс дооших хошин шог, шар мэдээлэл гаргадаг аж. Энэ нь хүмүүст тайвшралыг өгөөд зогсохгүй нийгэм, даяаршлын асуудлаас анхаарлаа сарниулахад тусалдаг байна.
Буруутан мэт мэдрэмж төрүүлэх: Хүний оюун ухаан, ур чадвар, хүч чармайлт дутагдсанаас болж улс орон, орон нутаг, дэлхий дахинд гай гамшиг үүсч, асуудлууд ар араасаа ховорч, тулгамдсан асуудлууд бий болж байгаад “ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ” гэх мэдрэмжийг төрүүлэхийн тулд бүхнийг хийдэг. Засгийн газрын өдөөсөн дайнд хүмүүс буруутай гэх мэт сэдэл төрүүлнэ.
2014 онд эцэг эхийнхээ булшны дунд хэвтэж байгаа хүүгийн зураг дэлхий нийтэд цацагдсан. Энэ зургийг дайны халуун цэгээс авсан мэтээр тэмдэглэж байлаа. Гэтэл үнэн хэрэгтээ энэ бол ойр дотны хүмүүстээ хайраа илэрхийлсэн фото төслийн нэг зураг байсан бөгөөд өөр улсад авчээ. Зургийг авсан гэрэл зурагчин ч интернэтээр буруу түгсэн зургаа хараад үнэхээр их балмагдсан гэдэг.
Бусдыг өөрөөсөө илүү мэддэг болгох: Нийгмийн мэдээллийн хэрэгслүүд нь /сошиал, зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага/ бүх зүйлийн талаар мэддэг мэт болгохыг оролддог. 2005 онд Их Британийн News of the World хэмээх хэвлэл дэлхийн алдартнууд, улс төрчид, тэр ч байтугай Их Британийн хааны ордны гишүүдийн яриаг сонсож байсан нь илэрчээ.
Ийм жигшмээр байдлаар олж авсан мэдээллээ бусдын тухай чих дэлдийлгэх нийтлэл бичихэд ашигласан гэдэг. Алдартнууд болон жирийн иргэдийн оролцоотой шүүх хурлаар энэ хэвлэлийг хааж, томоохон нөхөн төлбөрт оруулсан юм.
Эх сурвалж: adme.ru Э.МАРТ