Энэ сарын 21-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт өсвөр насны хүүхэд ахуйн хэрэглээний хий үнэрлэж байгаад нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн арваннэгдүгээр хорооны Гачууртын … тоотод оршин суух эрэгтэй хүүхэд ил харагдах гэмтэл шархгүй, амьсгал хураасан байдалтай олджээ. Хэргийн тухай дуудлага оройн 20.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлага мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулсан байна.
Улмаар 14 настай эрэгтэй А нь ахуйн хэрэглээний хий үнэрлэсний улмаас нас барсан болох нь тогтоогджээ. Хэргийн газраас улаан өнгийн газны лааз хураан, 29 кадр гэрэл зураг авч хавтаст хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.