Сонгогчдын боловсролд зориулж танд дараах мэдээллийг хүргэж байна. Сонгогчдын нэрийн жагсаалт: Таны сонгох эрх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээр баталгааждаг. Тиймээс та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай. Бүртгэгдсэн эсэхээ цахимаар болон биечлэн шалгах боломжтой.
ЦАХИМААР ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
Сонгогчдын нэрийн жагсаалтыг election.burtgel.gov.mn цахим хуудсанд байршуулсан.
-Та бүртгэлээ баталгаажуулахын зэрэгцээ санал авах байрныхаа хаягийг мэдэх боломжтой.
– Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа таны мэдээлэл зөрүүтэй бол “мэдээлэх” гэсэн товчийг дарж, байнга оршин суугаа хаягийн дагуу бүртгэлийн нэгжтэй холбоо барьж залруулгаа хийлгэнэ.
БИЕЧЛЭН ЯАЖ ШАЛГАХ ВЭ?
-Танд хамгийн ойр байрлах сонгуулийн хэсгийн хороонд сонгогчдын нэрийн жагсаалт тавдугаар сарын 30-аас өмнө очих бөгөөд энэ үеэс бүртгэгдсэн эсэхээ биечлэн шалгах боломжтой. Хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг хүлээн авсан өдрөөс эхлэн өөрийн ажиллах байранд, өөрийн ажиллах байргүй бол сум, хорооны засаг даргын тамгын газрын байранд сонгогч өөрт нь холбогдох мэдээлэлтэй чөлөөтэй танилцах боломж олгоно.
-Та энэ үеэс өөрийн харъяа хэсгийн хороондоо очиж сонгогчдын нэрийн жагсаалтад өөрийн болон гэр бүлийн гишүүдийг бүртгэгдсэн эсэхийг шалгаарай.
-Хэрвээ сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн бол та болон таны гэр бүлийн гишүүд санал өгөх эрхээ эдэлж чадахгүй.
САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?
- Байнга оршин суугаа газрынхаа харьяа хэсэгт саналаа өгнө.
- Саналаа өгөх байрныхаа мэдээллийг сонгуулийн хэсгийн хороондоо болон 1800-2800 “Сонгогчийн лавлах” утсанд хандан авах боломжтой.
- Сонгогч санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ ирж, саналаа биечлэн өгнө. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно.
- Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна.
- Оролцогчид биеэр хүрэлцэхгүй зайнаас харилцана.
- Сонгогчийн гарын хурууны хээг тухайн хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно.
- Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна.
- Гарын хурууны хээг уншуулсны дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.
- Хэсгийн хороо сонгогчид бээлий олгоно.
- Хэсгийн хорооны гишүүн сонгогчийн бүртгэлийн хуудсыг авч саналын хуудас олгоно.
- Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсэг зурна.
- Сонгогч санал бэлтгэх бүхээгт очиж саналаа нууцаар тэмдэглэнэ.
- Сонгогч саналаа тэмдэглэсний дараа саналын нууцлалыг хангах зориулалт бүхий хавтсанд саналын хуудсаа хийнэ.
- Саналын хуудсаа хавтаснаас гаргаж, санал тоолох төхөөрөмжид уншуулна. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийгээ зориулалтын хогийн саванд хаяна. Үүний дараа гарыг дахин халдваргүйжүүлнэ.
- Санал авах байранд ирэхдээ 18 насанд хүрээгүй хүүхэд дагуулж ирэхгүй байхыг анхаарна уу.
САНАЛАА ХЭРХЭН ЗӨВ ТЭМДЭГЛЭХ ВЭ?
-Саналын хуудсанд тэмдэглэгээ хийхдээ санал тэмдэглэх бүхээг болон саналын хуудсанд бичигдсэн зааврыг анхааралтай уншаарай.
-2 мандаттай тойрог бол саналын хуудаст байгаа нэр дэвшигчдийн дотроос өөрийн дэмжиж, саналаа өгөхийг хүсэж байгаа 2 нэр дэвшигчийг дэмжиж нэрийн өмнөх зууван дугуй доторхыг будаж тэмдэглэнэ.
-3 мандаттай тойрог бол өөрийн дэмжиж, саналаа өгөхийг хүсэж байгаа 3 нэр дэвшигчийг дэмжиж нэрийн өмнөх зууван дугуй доторхыг будаж тэмдэглэнэ. Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол таны саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж уншихгүй, буцааж гаргана.
-Хэрвээ та саналаа тэмдэглэхдээ алдаа гаргаж, буруу тэмдэглэсэн бол саналын хуудсаа хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч саналаа өгөх боломжтой.
САНАЛ АВАХ БАЙРАНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС:
- Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх
- Өөр хүний бичиг баримт, хуурамч баримт бичиг ашиглаж санал өгөх, саналаа өгөхийг оролдох
- Тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудас ашиглах
- Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, эсвэл авч гарах
- Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах үйлдэл хийх
- Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх
- Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсвэл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглоно.