М.Энхболд, С.Ганбаатар нар СЕХ-ноос үнэмлэхээ авлаа, Х.Баттулга товлосон цагтаа ирсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр (2017.05.27) Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-ын дарга М.Энхболд өглөө 09.00 цагт, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 10.30 цагт үнэмлэхээ авцгаав. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 11.30 цагт үнэмлэхээ авна гэсэн ч товлосон цагтаа очоогүй байна. Одоогоор СЕХ-ны гадаа хэвлэлийнхэн болон АН-ын дэмжигчид түүнийг хүлээж байна.
МАН-ын дарга М.Энхболдыг үнэмлэхээ гардан авах үед Сонгуулийн Ерөнхий хороон дээр УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар хүрэлцэн ирсэн бол гадаа нь МАН-ыг дэмжигчид цугларсан байлаа. Түүнийг үнэмлэхээ аваад гарч ирэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабанди баяр хүргэн “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ерөнхийлөгч болоорой. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, монгол түмнээ хангалуун, аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөе” хэмээн хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхээ гардан авсныхаа дараа хэлсэн үгийг товчлон хүргэе.
МАН-аас нэр дэвшигч Н.Энхболд: “Зуны эхэн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. МАН-аас нэрийг минь дэвшүүлж, ихээхэн итгэл найдвар, хариуцлагатай үүргийг хүлээлгэж байна. Энэхүү үүргийг ард түмнийхээ хүчээр шударга өрсөлдөж, ялалтаар хариулах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монголчууд эвтэй байхдаа эх орныхоо хөгжил цэцэглэлтийг бүтээж явсан түүхтэй. Эв эвдэрсэн үедээ монголчууд ээдэрч явсан удаатай. Тиймээс нэг байр суурь, нэг зүг рүү харж гэмээнэ ялалт байгуулна. МАН-аас нэр дэвшигч ялалт байгуулж байж, улс орон эдийн засгийн хямрал, хүнд байдлаас гарна. Монголчууд нэг монгол болохын төлөө зайлшгүй ялалт байгуулах ёстой. Үнэн шударга өрсөлдөж бүгдээрээ ялалт байгуулъя. Миний хувьд ээлтэй, эвтэй монголын төлөө нэр дэвшиж байна. Монгол ялах болно.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: Өнөөдөр та бүхнийхээ өмнө зогсож байгаадаа баяртай байна. Энэ өдрийг хүртэл маш хол замыг туулж ирлээ. Маш их доромжлол, гүтгэлгэн дундуур явж ирлээ. Үнэн гүйцдэг юм байна. Бидэнд Монгол орноо аврах төлөвлөгөө байгаа. Монгол Улсаа цэгцтэй хөгжилтэй болгох Үндсэн хуулийн төсөл байгаа. Өнөөдөр жирийн ард иргэд улс орны тусгаар тогтнол, ялангуяа эдийн засгийн тусгаар тогтнолд маш хүчтэй санаа зовинож байна. МАН, АН-ын олон гишүүдийг би хүндэлж байна. Орой дээр нь байгаа хэдэн луйварчид өнөөдөр уучлалт гуйж, сонгуулийн ажлаа эхлэх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжийг олгосон МАХН-ын дарга Н.Энхбаярт талархал илэрхийлье. Би түүний хийсэн үйл хэргийг үргэлжлүүлэх болно. Сэтгэл минь хөдөлж байна. Энэ бол Монголчууд бидний хувьд боломж. Монголын гурван сая ард түмний сайхан амьдрах боломжийн төлөө зүтгэж байгаа болохоос биш гучхан гэр бүлийн хагартлаа баяжих боломжийн төлөө зүтгээгүй. Монголын ард түмэн ялна. Монгол босно.