Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтарч сонгуулийн үеийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллээ.
Цагдаагийн хурандаа Ч.Чинбат “Сонгуультай холбоотой зөрчил гомдлын талаарх дуудлага мэдээлэл нийт 1118 ирсэн. Үүнээс 518 нь нийслэлд, 600 нь орон нутагт ирсэн. Анхны гомдол 2020 дөрөвдүгээр сарын 20-ны өдөр ирсэн. Одоогоор 647 хүнд зөрчил шалгах ажиллагаа явуулж байна.
Зөрчил үйлдсэн есөн хүнд шийтгэл оногдуулсан. Санал худалдан авах гэсэн оролдлогыг тухай бүрт нь шалгаж байгаа” гэлээ.
Тухайлбал:
- Хөвсгөл аймагт зургаадугаар сарын 5-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэний хашааг нэгэн нэр дэвшигч ухуулагч нараараа бариулсан тул тухайн нэр дэвшигчийг 20 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
- Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна.
- Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байгаа нэрийдлээр 80 орчим тээврийн хэрэгслийг шатахуунаар хангасан явдал гарсан.
- БГД-т Өөрийн төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нэрийдлээр бэлэг тараасан
- Нэр дэвшигчийн туслах бэлнээр 40 сая төгрөг биедээ авч явсан
- Говь-Алтай аймагт нэр дэвшигч А сонгуулийн штабт ажилладаг Б нь долоон хүнтэй уулзаж бэлэн мөнгө тараасан үйлдлийг шалгаж байна.