Харах ёстой хуучин уламжлал, амсаж үзэх нутгийн хоол, заавал ч үгүй авах бэлэг дурсгал зэргээс гадна улс орон бүрт л жуулчдыг хуурах өөрийн арга байдаг. Египет, Турк, Азийн аялал жуулчлалын алдартай бүсүүдэд аль эртнээс боловсрогдон хэрэгжсэн жуулчдыг хуурах өөрийн гэсэн өвөрмөц арга залийн систем бий. Гэхдээ европын “зальт”-нууд ч тэднээс нэг их дутахгүй. Ингээд тэрхүү арга залиас хэрхэн мултрах тухай товчхон зөвлөгөөг хүргэе.
Египет: Алхам бүртээ залилантай таарах орнуудын нэг нь Египет. Энэ нь үнэт чулуун гэх баримлуудаас эхэлнэ. Тэр нь савангаар зорогдсон байх жишээтэй. Бедуинд нилээдгүй мөнгөө өгч байж тэмээнээсээ буух жишээтэй. Нутгийн хөлсний тэрэгний жолооч нарын тухай ярих зүйлгүй.
- Машинд суухаасаа өмнө үнээ тохиролцох хэрэгтэй
- Тооцооны төхөөрөмжтэй машинаар явахыг хичээ.
- Машинаасаа гарч байж мөнгөө төл
- Хариулт авах ёстой бол эхлээд хариултаа аваад мөнгөө өг.
- Ямар ч тохиолдолд жолоочоор мөнгө солиулсны хэрэггүй
Турк: Египетийн таксичидтай зөвхөн туркийн жолооч нар л өрсөлдөж чадна. Тэндхийн мөнгө хоорондоо төстэй учир хариултаа заавал алдаатай аваад байдаг зүйл бий. Мөн шөнийн цэнгээний газарт охид, бүсгүйчүүдийг хуурах нь элбэг гэнэ. Нутгийн “мачо” жуулчин бүсгүйтэй танилцаж, түүнийг дайлахаар юм болно. Дараа түр гараад ирье гээд сураггүй болдог гэнэ. Тэгээд л түүний мөнгийг төлөх хэрэг гардаг байна.
Тайланд: Эхлээд хархад нөхөрсөг мэт тайчууд багагүй төвөг тарина. Бангкокийн хааны ордны ойролцоо ганцаар явж байгаа жуулчинг “бариад” өөр нэг сайхан ордон үзүүлэхээр амлаж, замдаа нэгэн сонирхолтой газраар орох санал тавина. Тэр нь нэгэн мухлаг болж таарах ба элдэв шилэн эдлэл ч юм уу, өөр хэрэгцээгүй бараа таваар шахахыг санаархдаг.
Мотобайк, машин, унадаг дугуй түрээсээр хэрэглэж яваа жуулчдыг нутгийн зөрж өнгөрөхдөө “тээврийн хэрэгсэл зураад хаячихлаа” гэсэн маргаанд татан оролцуулж, ихээхэн торгуул төлүүлэх гэж оролддог. Үүнийг бас анзаарах хэрэгтэй. Түрээсийн тээврийн хэрэгсэл авахаар бол эхлээд эзнийг нь харж байхад эд зүйлийнх нь бүх гэмтэл, зураасыг гэрэл зурагт буулгаад авчих. Мөн элдэв задгай зураг харуулж, үнэгүй секс-шоу үзүүлнэ гэж хуураад ямар нэгэн клубт авчираад мөнгө төлтөл чинь гаргахгүй, бариад байхаа чадах л хүмүүс гэнэ.
Бали: Энэ “диваажин”-гийн арал дээр хүмүүс биш сургасан амьтад ажиллана. Улувату сүмийн дэргэд жуулчдын гялалзсан бүгдийг булаадаг “дээрэмчин бичин сүрэг” бий. Тэд ээмэг, зүүлт, гинж, нүдний шил булаахаас гадна цүнх, үүргэвч ухаад сурчихсан байгаа. Хэсэг хугацааны дараа нэгэн “сайхан сэтгэлт” хүн гарч ирээд “бага зэргийн мөнгөн шагналаар хулгайлагдсан зүйлийг буцаах санал тавина. Тиймээс тийшээ явахдаа үнэ цэнэтэй бүгдээ” үлдээгээд явсан нь дээр.
Энэтхэг: Энд жуулчдын гол дайсан нь арьсны өнгө. Энэ таних тэмдгээр жуулчдыг нүдэлж, ачаагаа өгөхөөс эхлэн бие засах газар хайхад хүртэл “мөнгө саах”-ыг хичээнэ. Энэтхэг жолооч нар жуулчдыг бэлэг дурсгалын мухлагуудаар оруулан “соёлын хөтөлбөр” хийх дуртай.
Тэнд алхам бүрт л таныг хонжвортой сугалаа хүлээж байгаа. Мэдээж мөнгө төлнө. Гуйлагчингууд мэдээлэл солилцох сайн системтэй. Хэн нэгэнд нь мөнгө өгсөн бол удалгүй таныг 20-30 хүн дагалдан шаваад авна. Музей, түүхэн дурсгалт газруудад зураг авахыг хориглосон бол “техникээ” үүдэнд үлдээж болохгүй. Шууд л техникийнхээ батарейг салгаад зураг авахгүй гэдгээ үйлчлэгчид харуулах хэрэгтэй.
Хятад: Сувд, торгоны хорхойтнуудад хуурамч барааг жинхэнэ үнээр нь зарснаас хятадын зальтнууд хождог. Жинхэнэ сувд юугаар ялгагддаг вэ?
- Нүхэлсэн сувданд нүх нь харагдахгүй ба мөн будагны давхрага гэж үгүй.
- Хэрэв түүнийг ширээн дээр унагахад бөмбөг шиг үсэрнэ.
- Хиймэл сувд бүлээн байх ба жинхэнэ нь хүйтэн бөгөөд хэмжээ нь жигд бишээрээ ялгаатай байдаг.
Торгыг утсыг нь шатаан туршдаг. Жинхэн торгоны үнс нь гарт үрэхэд арчигдах бөгөөд шатсан үсний үнэртэй. Хиймэл нь шатахдаа хайлж, химийн үнэр гаргадаг. Туршихыг зөвшөөрөхгүй бол гарч яваад өөр дэлгүүрт орох шиг шилдэг арга үгүй.
Франц: “Хамгийн романтик” гэх оронд хүний сэтгэлээр тоглодог. Эйфелийн цамхгаас холгүй франц эр цэцэг бэлэглэснээр залилан эхэлнэ. Цэцгээ тэврээд хэдхэн метр алхамц түүний найзууд цэцгийн үнэ гээд л 20 евро шаардаад эхэлдэг. Хуурамч цүнх “Louis Vuitton” үнэртэн “Chanel” алхам бүрт таардаг. Үүнийг санаж явах хэрэгтэй. Хэрвээ худалдаж авах юм бол цагдаагийн “хар жагсаалт”-д нэрээ үлдээнэ гэсэн үг.
Итали: Сэтгэлээр тоглох залилан италичуудад бас бий. Тэд гол төлөв өрөвдүүлэх гээд байдаг. Италийн зальнууд Колизей театр, Хувилгаан Петрийн сүмийн орчимд хууртагдах жуулчдыг хүлээж байдаг. Дугаарлалгүй оруулах, бэлэн тасалбарыг арай илүү мөнгөөр өгөхийг оролдоно. Мөн буяны арга хэмжээ зэргийг нэрлэн мөнгө цуглуулаад сууж байдаг. Зоогийн газруудад нь таны аваагүй хоолны үнийг авах гэнэ.
Испани: Хамгийн их дэлгэрсэн залилан нь зураг аваад өгөөч гэсэн гуйлт. Аппаратыг нь бариад зураг дарах гэтэл чамайг “цагдаа” барьж аваад хулгай хийх гэлээ гэнэ. Хэргийг “дараад” өнгөрүүлэхэд бага мөнгө шаарддаг ажээ.
Куба: Дэгжирхэж, чамирхах гэсэн жуулчид л Кубад их зальдуулдаг. Хуурамч навчин тамхи зарж хуурах гэдэг. Тийм тамхийг мэдэхгүй хүмүүс жинхэнэ хуурамчийг хооронд нь ялгадаггүй. Тусгай дэлгүүрээр нь орвол та хууртагдахгүй байх болно.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС
1 comment
ер нь монголдоо л байсан нь дээр юм .