УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан жирийн иргэдэд очих ёстой ЖДҮХС-гийн зээлийг 2017, 2018 онд хэдэн зуун сая, тэрбумаар авсан нь илчлэгдсэн. ЖДҮ-чдээс “УИХ-ын гишүүд бүгд л авдаг шүү дээ” гэж хэлж байсан баримт нь олон хэвлэл мэдээллийн архив болон үлджээ. Мөн “Мэдээлэлд ойрхон нь зээл авдаг юм” гэж хэлээд, сэтгүүлчдийг бараг загнаж байгаа гишүүний бичлэг ч бий.
Өнөөдөр тэднээс хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга. Харин нэр дэвших нэг нь дэвшээд, томрох нэг нь томроод явж байна.
ЖДҮХС-ийн зээлийн асуудалд холбогдоогүй, ард түмний боломжоос хулгайлаагүй, нэр цэвэр цөөхөн гишүүн бий. Тэдний зарим нь ЖДҮ-чдээ загнаж, ЖДҮ-чдийг ниргэгчдийн нэг бол Ж.Бат-Эрдэнэ гишүүн.
Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Ард иргэдийн авах ёстой ЖДҮ-ийн мөнгийг өөрсдөө авчихсан. Эрх мэдлээрээ түрэмгийлээд иргэдэд очих мөнгийг өөрсдөө хамаад авчихсан. Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь юу хийгээд байгаа юм бэ. Яагаад учрыг нь олж чадахгүй байгаа юм бэ” хэмээн шударгаар чанга дуугарч байв.
Мөн тэрбээр ХХААХҮ-ийн сайд байсан Б.Батзоригт бүх ЖДҮ-чдийн өмнөөс ганцааранд нь хариуцлага хүлээлгэхэд үүнтэй санал нийлээгүй. Ганц хүний ард олон ЖДҮ-чид нуугдаад үлдэж болохгүй, шударгаар хариуцлагаа хүлээх ёстой хэмээн хатуу анхааруулсан. Мөн Засгийн газрын тэргүүн МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хандаж бүх ЖДҮ-чиддээ адилхан хариуцлага тооцохыг ч хэлсэн.
Зөвхөн үг хэлээд гараа хумхиад суусангүй. Үргэлжлүүлэн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа нарын долоон гишүүний хамтаар “ЖДҮ-чдийг шалгах түр хороо” байгуулах тогтоолын төслийг, санаачлан УИХ-д өргөн барьсан. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж санал хураахад 56 гишүүнээс 36 нь дэмжээгүй.
Өөрөөр хэлбэл гишүүд гэмт хэрэгт холбогдсон нэгнийгээ шалгуулах эсэхийг шийддэг, хэрэгт орсон нэгнээ аваад үлддэг тэр зарчим үйлчилсэн.
2019 оны арваннэгдүгээр сард ЖДҮ-ийн дэд хорооны даргаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн томилогдон ажилласан. Томилогдоод чухам ямар механизм болохгүй байгаа нь улстөрийн ЖДҮ-чдийг төрүүлээд байна вэ гэдгийг ч хэвлэлд нээлттэй ярьсан.
Яг үнэндээ ЖДҮ-чид ЖДҮ-чдээ өмөөрдөг. Гишүүн нь гишүүнээ өмөөрдөг. Гэхдээ Ж.Бат-Эрдэнэ гишүүн тэгээгүй. Төрийн индэр дээрээс шударга дуугарч, ялангуяа ЖДҮ-чдийг НИРГЭГЧ нь байсан билээ.
У.УЯН