Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр оны эхний таван сард суудлын автомашины импорт жилийн өмнөхөөс 30.1 хувиар буураад байна.
Мөн ачааны зориулалттай автомашины импорт жилийн дүнгээр 26 хувиар агшжээ. Цар тахлын үед хэрэглэгчдийн худалдан авалт буурч байгаа нь борлуулалтад сөргөөр нөлөөлж байгааг автомашины дистрибьютер компаниуд онцолж байна.
Хэрэглэгчдийн худалдан авалтад гарч буй хандлагыг харвал хүмүүс хувийн хэрэглээндээ автомашин худалдан авах нь багасжээ. Харин байгууллагуудын худалдан авалт хэвийн байгааг “МСМ Групп” ХХК онцолж байв. Сегментээр нь задлаад харвал хэрэглээнд илүү суурилсан тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашины борлуулалт сайн байгаа юм байна.
Тавдугаар сард дистрибьютер компаниуд нийт 206 шинэ автомашин худалдсан байна. Энэ нь өмнөх сараас 24.8 хувиар өссөн дүн болжээ. Хэдий тийм боловч сард дунджаар 280 автомашин борлуулж байсан өмнөх онтой харьцуулахад 26.4 хувиар буурсан дүн юм. Дистрибьютер компаниуд он гарснаас хойш 900 орчим автомашин импортолсон байна. Энэ нь жилийн өмнөхөөс 35 гаруй хувиар буурсан үзүүлэлт болжээ.
Bloombergtv.m