Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн сард хуралдаж наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах шийдвэр гаргасан. Бөхийн барилдаан, хурдан морьдын уралдаан, сур харвааг телевиз болон цахим орчноор дамжуулан олон түмэнд түгээхээр төлөвлөөд байгаа юм.
Мөн улс, аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг зохион байгуулах шийдвэр гаргажээ. Түүнчлэн улс, аймаг, сумын наадамд барилдуулах бөхчүүдийн тоог зааж өгсөн байна.
Тодруулбал, улсын наадамд 512, аймгуудын наадамд 128, сумдын наадамд 64-өөс илүү бөх барилдуулахыг хоригложээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос аймгуудын баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулах гарын даа нартаа өчигдөр цахим сургалт явуулжээ. Аймгуудын баяр наадамд барилдах 128 бөхийн бүртгэл энэ сарын 27-30-нд үргэлжлэх юм байна. Аймгууд бүртгэсэн бөхчүүдийн нэрсээ долоодугаар сарын 1-нд МҮБХ-нд албан ёсоор ирүүлэх ажээ.