Япончуудыг дэлхий нийтээрээ хөдөлмөрч, ажилсаг, зорилгодоо тэмүүлдэг ард түмэн гэж жишээ болгон авч үздэг. Гэвч 10-аад жилийн өмнө залуучууд нь нэг л биш болоод байгааг япончууд өөрсдөө анзаарсан байна. Залуу үе нь эцэг эхчүүдтэйгээ огт адилгүйгээс гадна тэд энэ улс орныг хааш нь хөтлөх нь ойлгомжгүй болоод байжээ. Өнөөгийн 30 настнууд япон хөгшдийг юугаараа айлгаж эхэлсэн юм бол.
ГЭГЭЭРЧИХСЭН ҮҮ, ЭСВЭЛ АМАР АМГАЛАН УУ. «Сатори үе» хэмээх нэр томьёо энэ үзэгдэлтэйгээ адил харьцангуй шинэлэг зүйл болсон юм. Анх энэ нэр томьёог 2010 онд Такү Ямаока “Юу ч хүсдэггүй залуучууд” нэртэй ном гаргаснаар ашиглаж эхэлсэн байна. “Сатори” гэдэг үг нь япон хэлнээс хөрвүүлбэл «чөлөөтэй (амар амгалан) үе» гэсэн утгатай. Хэдийгээр энэ нэр томьёо тийм ч сөрөг өнгө аясгүй боловч залуу үеийн төлөөлөгчдөд таагүй ханддагаа илэрхийлэхийн тулд ашиглах нь элбэг болжээ.
Сатори үеийнхэнд 1980-аад оны хоёрдугаар хагасаас 2002-2004 он хүртэл төрсөн залуус хамрагдана. Тэд 2002-2013 оны хооронд дунд сургуулиа дүүргэчихсэн, өдгөө Японы эдийн засгийн “залуу цус” болон сэлбэгдэж, эцэг эх болчихсон, ахмад үеийнхээ итгэл найдвар нь аль хэдийнэ болчихсон байх ёстой үе. Гэвч тэгсэнгүй.
Такү Ямаока энэ үеийг бичихдээ: «Тэд машинаар явахгүй. Тэд брэндийн хувцас хүсэхгүй. Тэд спортоор хичээллэдэггүй. Спиртийн төрлийн ундаа ч уухгүй. Тэд аялахгүй. Хайр дурлалд толгой мэдүүлэхгүй » гэжээ. Гэхдээ хөдөлмөрч Японд «амар амгалан үе» ирсэн, – гэж тайлбарлажээ.
СУРГУУЛИАС ЭХЭЛЖЭЭ. Японд сурагчдад академик мэдлэг илүү ихээр олгож эхэлсний сөрөг тал нь сурагчдын сэтгэц мэдрэлд, нийгэмшихэд нь нөлөөлж, амиа хорлолт, нэг ангидаа сурлага муутай нөхдөө гадуурхах зэрэг үзэгдэл ажиглагдаж эхэлжээ. Тиймээс хүүхдүүдээ ийм асуудалд оруулахаас зайлсхийхийн тулд 1990-ээд онд сургуулийн хөтөлбөрийг алгуурхан хялбаршуулж, гадаад үг цөөн заадаг болж, тооны машин хэрэглэхийг зөвшөөрч, тэр ч бүү хэл π тоог хүртэл «3» гэж бодуулдаг болжээ. Мөн долоо хоногт 6 өдөр хичээллэдэг байсныг 5 болгон багасгаснаар сурагчид чөлөөт цаг ихтэй болж, гадаа болон компьютер тоглох нь нэмэгдсэн байна. Эндээс л ахмад үеийнхэн дунд “өнөөгийн залуучууд хийх ажилгүй” гэсэн яриа гарчээ. Бага ангиудад дүн тавьдаггүй, гэрийн даалгавар өгдөггүй, хүүхдүүдийг загнадаггүй, шүүмжлэхээс аль болох зайлсхийдэг байжээ.
Харин 2000-аад оноос энэ хандлагаасаа татгазаж эхэлсэн юм. Гэвч хялбаршуулсан хөтөлбөрийн үед төлөвшсөн хүүхдүүд энэ хугацаанд аль хэдийнэ нас биед хүрсэн боловч шүүмжлэлийг хүлээн авдаггүй, хамгийн энгийн асуудалд ч нэмэлтээр тайлбарлуулдаг болон хүмүүжжээ.
ТОГТВОРТОЙ БОЛОХ БАТАЛГАА ҮГҮЙ. “Амар амгаланчууд” имиж бүрдсэн хоёр дахь хүчин зүйлс нь энэ үеийнхний нүдэн дээр энэ улсад эдийн засгийн томоохон хямрал эхэлсэн явдал байлаа. 1990-ээд оныг Японы түүхэнд “гээгдсэн 10 жил” гэж үздэг. Өмнөх жилүүдийн эдийн засгийн эрчимтэй өсөлт удаан хугацааны гацалт, үйлдвэрлэлийн хумигдал, олон байгууллагын дампуурлаар солигджээ. Сатори үеийнхэн хатуу хэмнэлтийн нөхцөлд, маргааш өдөртөө итгэлгүй нөхцөлд өсөж хүмүүс юм. Тэдний эцэг эхчүүд байнга л ажиллаж, хүүхдүүддээ цаг зав гаргаж чаддаггүй байв. Харин Япон улс эдийн засгийн дотоод асуудлаа шийдмэгц эдийн засаг нь тогтвортой өсөж ирэх үед дэлхийн хэмжээний шинэ хямрал эхэлсэн юм.
Залуус Япон шиг хөгжингүй, тогтвортой улсад ч хүн юунаас ч хамгаалагддаггүй юм байна гэдгийг залуус ойлгосон байна. Тэгэхээр ямар нэгэн том зүйл рүү тэмүүлэх нь утгагүй гэж үзжээ. Гэр бүл, карьер, материаллаг баялаг гээд юу ч залуусыг шаргуу суралцах, хөдөлмөрлөх түлхэц болохгүй байна.
БҮГД ТЭГЭХ ЁСТОЙ ГЭДЭГ. Гурав дахь хүчин зүйлс бол хөдөлмөрийн насны хүн амд ирэх нийгмийн дарамт шахалт. Японд хүний наслалт урт, төрөлт маш бага учраас жил ирэх тусам хөдөлмөрийн насны хүн амд ирэх дарамт өсөж байна. Тэд зөвхөн өөрсдийгөө хангаад зогсохгүй эдийн засгаа дэмжих, тэтгэвэр авагч өндөр настнуудыг тэжээх болоод байгаа юм. Бусад үеийнхний сайн сайхны амьдралын төлөө хариуцлага хүлээх болсноо мэдсэн тэд эсэргүүцэл, таагүй ханддагаа үзүүлдэг аж.
ТЭД АЖИЛДАА ХЭР ВЭ? Ажил олгогчид сатори үеийн төлөөлөгчдийг санаачилгагүй, тэнэг, бүгдэд нь заавар зөвлөгөө өгч байж ажилладаг, шүүмжлэлийг хүлээн авдаггүй, өөрийн толгойгоороо юм бодож сэтгэдэггүй гэж тодорхойлж байна. Тийм ажилтнууд нэг ажлын байран дээр удаан тогтдоггүй. Үүнээс өмнө нэг компанид бүхий л насаараа ажиллах нь япончуудын хувьд жинхэнэ мөрөөдөл байсан юм. Мөн тэд ажлаасаа байнга хоцордог ч үүнийгээ муу зүйл гэж үздэггүй. Японд бол уламжлалын дагуу ажилдаа дор хаяж 10-15 минутын өмнө ирэх ёстой гэж үздэг. Мөн эдгээр залуу ажилтнууд ахмад үеэ хүндэлдэггүй гэжээ.
ЦААШИД ЯАХ ВЭ? Япон улс хүн ам зүйн эдийн засагт үзүүлэх нөлөөллөө зөөллөх зорилгоор ажиллах хүч илүү ихээр оруулах төлөвтэй байна. Харин сатори үеийн төлөөллийн эцэг эхчүүд хүүхдүүд нь “хэвийн” болно гэсэн найдлагаа алдахгүй, заяаны хань, ажлыг нь хайж өгч, эд материалаар тусалсаар байгаа юм. Гэвч энэ бүгд зөвхөн нөхцөл байдлыг улам гүнзгийрүүлж байна.
Японы сэтгэлзүйчид, социологичид өнөөгийн 30 настнуудыг тав тухтай нөхцөлд өссөн хэрнээ эд баялгийн нөлөө ухаангүй тэмцэхийг үзсэн өвөрмөц үеийнхэн гэж үздэг. Тэд өөрчлөгдөхгүй бөгөөд хэзээ ч эцэг эхчүүд шигээ зорилготой, хөдөлмөрч болохгүй гэдэг. Харин ч сатори үеийнхэн жил ирэх тусам ойр дотны хүмүүсийнхээ хөрөнгөн дээр суусан шимэгч мэт л амьдардаг болно, хэт их халамж бөөцийлөлт энэ бүгдэд хүргэнэ гэсэн аж.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ