Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн.
Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан хотын Захирагч газар дээр нь очиж ажиллаж, Драгон төвийг дахин төлөвлөх, шинэчлэх, ногоон байгууламж бий болгох, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө.
Мөн хотын Захирагч Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5000-6000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.
“Драгон холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна.
Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна.
Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв.