Умард Солонгосын пуужингийн довтолгооноос хамгаалах зориулалтаар АНУ-д үйлдвэрлэсэн хоёр ширхэг Aegis Ashore системийг Япон Улс газар нутагтаа суурилуулахаар төлөвлөж байсан юм. Гэвч хоёр системийн нэгийг нь орон нутгийн иргэдэд аюулгүй байдлаар өөрчлөн суурилуулахад төсөөлж байснаас их зардал гарахаар байгаа тул төслийг бүхэлд нь зогсоож байгаа гэж Японы Гадаад харилцааны сайд өчигдөр мэдэгджээ.
“Зардал, цаг хугацааг тооцоолж үзээд одоогийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь ямар ч логикгүй гэсэн дүгнэлтэд би хүрлээ” гэж Гадаад харилцааны сайд Коно Таро хэлсэн байна.
Японы Засгийн газар 2017 онд пуужингийн довтолгооноос хамгаалах хоёр шинэ системээр хүчээ зузаатгах шийдвэр гаргасан бөгөөд нэгийг нь өмнөд Ямагучи мужид, нөгөө нь умард Акита мужид байрлуулахаар төлөвлөж байсан ч Ерөнхий сайд Абэ Шинзо энэ хөтөлбөрийг эргэн харахаар болжээ.
Пуужингийн довтолгооноос хамгаалах системийн төсөл эхнээсээ бүтэлгүйтэй, суурилуулах газрыг дахин өөрчлөх болсноор зардал нь огцом нэмэгдэж, хоёр системийг 30 жил ажиллуулах зардал 450 тэрбум иен ($4.1 тэрбум) хүрсэн байна. Мөн систем аюулгүй байдалдаа санаа зовсон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байв.
Түүнчлэн Умард Солонгосын довтолгооноос Японыг хамгаалах систем давхар АНУ-ын Гуам, Хавай арлуудыг хамгаалах болсон нь тус улсын Үндсэн хуульд заасан зөвхөн өөрийгөө хамгаалах зарчмыг зөрчиж байсан юм. Гадаад харилцааны сайд Коно Тора “Энэ төсөлд өнөөдрийг хүртэл 180 тэрбум иен ($1.7 тэрбум) зарцуулсан. Бүгдийг салхинд хийсэхгүй, одоо ашиглагдаж байгаа хуучин системүүдэд зарим хэсгийг нь хэрэглэх боломжтой гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press