УИХ-ын сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагааны талаар ЦЕГ, ТЕГ хамтран мэдээлэл хийлээ. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 676 гомдол, мэдээлэл иржээ.
Үүний ихэнх нь сурталчилгааны самбар эвдэж хэмхэлсэн, сурталчилгааны тараах материал устгасан, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдыг гүтгэн доромжилсон зэрэг мэдээлэлэл байна. Мөн ЦЕГ 71 цахим хуудсыг сонгууль дуустал хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах хороонд илгээж, өнөөдрийн байдлаар 50-ыг нь хаажээ.
ТЕГ-т өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой 43 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүний 37 нь гэмт хэргийн шинжтэй, зургаа нь зөрчлийн шинжтэй гомдол юм байна. Гэмт хэргийн шинжтэй гомдлуудаас нэг гомдлын дагуу хэрэг үүсгэж, хоёрыг нь гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ.
Мөн нэг гомдлыг нь харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Харин бусад гомдлыг нь шалгаж байгаа гэдгийг ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү хэллээ.