Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний таван сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.4 тэрбум төгрөг буюу 1.9 хувиар буурчээ. Харин зарлага 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөг буюу 17.7 хувиар өсчээ.
Сангийн орлого өмнөх оны мөн үеэс 21.4 тэрбум төгрөгөөр буурахад тэтгэврийн даатгалын сангийн орлого 36 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 39.8 тэрбум төгрөгөөр буюу 3.4 дахин өсжээ.
Сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 171.9 тэрбум төгрөгөөр өсөхөд:
Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 129.8 тэрбум төгрөгөөр
Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 31.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Харин эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 10.6 тэрбум төгрөгөөр буурчээ.
Энэ оны тавдугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 212.2 тэрбум төгрөг, зарлага 276.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 22.8 тэрбум төгрөгөөр, зарлага 57.7 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2020 оны эхний таван сард 9.4 мянган хүнд 21.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 490 хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 5.4 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2020 оны эхний таван сард 2.2 (давхардсан тоогоор) сая хүнд 475.2 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 232.7 мянга буюу 12 хувиар өсөж, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 203 тэрбум төгрөг буюу 74.6 хувиар нэмэгджээ.
Нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамрагдсан хүний тоо нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүний тоо 231.7 мянга буюу 25.4 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт 2020 оны эхний таван сард 54.9 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеэс 274 хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 10.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.
Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.5 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.
Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний таван сард 89.2 мянган хүн хамрагдсаны 62.1 хувь нь асаргааны тэтгэмжид, 37.9 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Нийгмийн халамжийн тэтгэмжид 2020 оны эхний таван сард 36.1 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 8.2 тэрбум төгрөг буюу 29.4 хувиар нэмэгджээ.
18 хүртэлх насны 1.1 сая хүүхдэд 272.5 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний таван сард олгожээ.