С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралд шүүгдэгч Д.Ганболд нь УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, мөн шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь хөдөө орон нутагт сонгуулийн ажилтай, шүүгдэгч Б.Бадралын өмгөөлөгч П.Эрхэмбаяр нь шүүх хуралдаан давхацсан гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тус тус гаргасан байна.
Шүүгдэгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хуралдаанд ирээгүй нь шүүхийг үл хүндэтгэсэн үйлдэл болох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан биш юм. Гэвч шүүгдэгч шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болох тул гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 18-ны өдөр хийхээр товлолоо.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Баярт авсан Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, таван тэрбум төгрөгийн барьцаа гаргуулах шийдвэрийг гаргажээ.