Түүнийг буудсан этгээд гэрчээр орж байсан бөгөөд нас бараад удаж байгаа гэнэ
1986 оны 02 сарын 28-ны үдэш Шведийн Ерөнхий сайд Улоф Пальме эхнэр Лисбеттэйгээ кино үзчихээд, “Ах дүү Моцартууд” инээдмийн киноныхоо талаар ярилцанхан алхаж явжээ. Уг нь түүнийг цагдаагийн хамгаалалт дор авч явдаг байсан ч тэр хамгаалалтад дургүй, “ард түмэндээ итгэдэг” хэмээн нэг бус удаа ярьдаг байсан гэдэг. Стокгольм хотын төвд орших хүн хөлхсөн Свеавеген, Туннельгатан уулзварт тэднийг өндөр биетэй эр мөрдөж байлаа. Энэ эр 20-иод тооны явган хүний дэргэд Magnum хэмээх буугаа гаргаж ирээд, хоёронтоо бууджээ. Эхний сум Ерөнхий сайдын нурууг онож, түүнийг газар дээр нь хөнөөсөн бол хоёр дахь сум нь эхнэрийг нь оносон ч багахан шархдуулаад л өнгөрчээ.
Лисбет алуурчныг нь сайн тогтоож авсан байна. Дунд эргэм насны, толгойдоо бараан өнгийн нэхмэл малгай угласан, захыг нь босгосон бараан өнгийн цувтай байв.
Энэ өдөр улс орон даяар шоконд орж, сэтгүүлчид ч байдлыг өлгөн авч, “Швед улс онгоноо алдлаа” гэсэн гарчигтай сонинууд өглөө нь гарч эхэлжээ. Үүнээс өмнө амар тайван Шведэд Ерөнхий сайдыг нь хөнөөчих юм гэж хэний ч толгойд орж ирээгүй юм.
Улоф Пальмегийн дуулиант аллагын мөрдлөг шалгалт 34 жил үргэлжилсний эцэст энэ сарын 10-нд л эцсийн цэгийг нь хатгасан байна. Мөрдлөг шалгалтаар алуурчны жинхэнэ нэрийг нэрлэжээ.
ГОЛ ХУВИЛБАР
Цагдаагийн газар хэрэг эхэлсэн цагаас хойш анхнаасаа л мэргэжлийн бус ажилласан юм. Гэмт хэрэг гарсан газрыг бүслэлтэд аваагүйгээс болоод ул мөрийг нь хажуугаар явсан хүмүүс баллаж орхижээ. Пальмегийн эхнэрийг оносон сумыг цагдаа нар биш, дэргэдүүр нь явсан хүн олсон гэдэг. Гэхдээ тэр дороо ч биш, хоёр хоногийн дараа шүү. Тэдний шидэж хаясан хогийн савны ардаас олсон. Мөн баллистик үзлэг хийхийн өмнө сумыг угааж хатаасан тул бүх химийн ул мөр устсан байна. Энэ бүгдээс үндэслэн шведүүд энэ гэмт хэргийн ард цагдаагийн өндөр албан тушаалтан байсан гэж сэжиглэхэд хүрчээ.
Мөрдлөг шалгалт нь шведүүдийн хувьд шударга үнэний хэрэг болсон юм. Шууд гэрчээс гадна дахиад 1000 орчим хүнээс мэдүүлэг авсан. Энэ хэрэг дээр ажиллахын тулд тэр ч бүү хэл “Пальмегийн комисс” хэмээн мөрдөн шалгах тусгай бүлэг хүртэл байгуулж, тэнд нь цагдаагийн дээд албан тушаалтнууд оржээ. Харин гэмт хэргийг илрүүлэхэд тусалсан хүнд 50 сая швед крон амлаж байжээ. Гэвч энэ бүгд үр дүн авчраагүй юм.
Энэ хэргийн гол сэжигтнээр Кристер Петтерссон хэмээх эр болсон. Архичин, хар тамхичин, жижиг гэмт хэрэгтэн, рецидив хэрэгтэн. 1989 онд шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна. Мөрдлөг шалгалтынхан ч түүнийг тайлбарлахын аргагүй шалтгаанаар Улоф Пальмег хөнөөсөн гэж батлахыг оролдож байв.
Гэвч тун удалгүй давж заалдах шатны шүүхээс ялыг эргэн хэлэлцээд, Петтерссоныг сулласан байна. Гэмт хэрэг үйлдсэн шалтгааныг нь тогтоож чадаагүйгээс гадна хэрэг үйлдсэн зэвсэг нь ч үүнээс илрээгүй аж. Удалгүй Петтерссон ч нас баржээ.
ӨӨР ХУВИЛБАРУУД БИЙ ЮУ?
30 гаруй жилийн турш Пальмегийн аллагыг тойрсон олон хувилбар гарч ирсэн юм. Улстөрчийн ойр дотны найз нөхөд хувийн мөрдлөг шалгалт хүртэл хийлгээд мухардалд орсон байдаг. Ерөнхий сайдын аллагын оньсоготой холбоотойгоор Шведийн зохиолч Стаг Ларссон “Луугийн шивээст охин” хэмээх трилог ном хүртэл гаргасан.
Цагдаа нар элдэв таамаглалд төөрч, олон улсын мафи, цэргийн хүрээлэл, үндсэрхэг үзэлтнүүд, экстремистүүдтэй хүртэл холбож байлаа. Тэр ч бүү хэл аллагын ард Югославын тагнуул байгаа, харин Хорватын салан тусгаарлагчид гүйцэтгэсэн, мөн АНУ-ын ТТГ захиалагч нь байсан, учир нь Улоф Пальме Америкийн засаг захиргаа Вьетнамд хийсэн дайнаар нь байнга шүүмжилдэг, ЗХУ-тай халуун дулаан харилцаатай байсан гэж үздэг. Мөн Өмнөд Африкийн тусгай албадынхны явуулсан өс хонзон ч гэж байв. Пальмегийн үед Швед улс апартеидын бодлогыг эсэргүүцэж, Африкийн үндэсний конгресс хэмээх африкчуудын улс төрийн намыг санхүүжүүлж байсан юм. Мөрдөгчид энэ хувилбар дээр ихэд анхаарч, ӨАБНУ-д мөрдлөг шалгалт явуулаад ч үр дүнд хүрээгүй. Түүнчлэн курдуудын террористуудын авсан өс хонзон гэсэн хувилбар гарч ирсэн. Энэ хувилбарыг Улоф Пальмегийн танхим дэмжиж байсан юм.
Үүнээс гадна тааламжит бус гэрчийг устгасан гэх хувилбар байдаг. Энэ хувилбараар бол Шведийн Bofors хэмээх зэвсгийн компани Энэтхэгт их хэмжээний зэвсэг нийлүүлэх гэрээ хийхийн тулд авлига өгсөн хэргийг Улоф Пальме мэдэж байсан гэдэг.
Гэмт хэрэг гарснаас хойш 25 жилийн дараа л цагдаа нар Шведийн барууны эрх баригч байгууллага социалист улстөрчийг устгахын тулд гэмт хэрэг үйлдсэн гэсэн хувилбар дээр тогтсон юм.
«ЯЛААГ АЛАХААРГҮЙ АМЬТАН БАЙСАН»
Өнөөдөр Улоф Пальмегийн энэ хэрэг албан ёсоор хаагдаж байна. Мөрдлөг шалгалтаар Ерөнхий сайдыг хөнөөсөн хэрэгт Scandia даатгалын компанийн ажилтан асан Стиг Энгстрём буруутай гэж тогтоожээ. Тэрээр 2000 онд амиа егүүтгэсэн юм.
52 настай энэ эр гэмт хэргийн газарт хамгийн түрүүнд байсан бөгөөд шархадсан хосод анхны тусламж үзүүлэх гэж оролдсон гэж гардаг. Түүний мэдүүлэг бусад гэрчүүдийн мэдүүлэгтэй зөрчилддөг байсан бөгөөд алуурчны талаар энгийн гэрчийн мэдэж болохоос ч ихийг мэдэж байсан нь гайхширал төрүүлдэг. Гэвч хэн ч түүнийг сэжиглээгүй юм. Харин саяхнаас мөрдөгчид Энгстрёмийг халдлага үйлдчихээд хамгаалж тусалсан, мөн мөрдлөг шалгалттай аль болох идэвхтэй хамтран ажиллаж, цагдаа нарыг ч хэвлэлээр шүүмжилж байсныг ойлгосон юм. Сонирхолтой нь мөрдөгчид түүнийг буудлагын клубын гишүүн байсан, том калибрын Magnum гар буутай найзтай байсан, Улоф Пальмег үзэн яддаг байсныг нь анзаараагүй байдаг.
“Тэр хэтэрхий аймхай, ялаа ч алж чадахааргүй нөхөр байсан” хэмээн эхнэр нь байсан хүн тодорхойлжээ.
Гэвч Энгстрёмийн хэт идэвхтэй байдлыг 2018 онд сэтгүүлч Томас Петерссон анзаарч, гэмт хэргийн гэрчүүдийн мэдүүлгийг нь дахин шалгаж үзжээ. Түүний мэдүүлгүүдэд сэтгүүлчид үнэхээр сэжигтэй санагдсан байна. Ингээд хожим нь мөрдөгчид энэ хувилбарыг судалж үзжээ. Гэвч тухайн үед амьд гэрч бараг үлдээгүй тул мэдээлэл тун хязгаарлагдмал болж иржээ.
Тэд Энгстрёмийг 18 жилийн дараа, нас барснаас нь хойш буюу 66 настайд нь алуурчин нь байж болзошгүй гэж үзсэн байна. Хэргийг мөрдөн шалгаж байсан ерөнхий прокурор Кристер Петерссоны хэлснээр хэрвээ тэр энэ хэргийг анхнаас нь мөрдөн шалгасан бол Энгстрёмийг л гол сэжигтнээ гэж үзэх байсан гэжээ. Хэргийн материалуудтай Улоф Пальмегийн гурван хүү нь танилцааж, энэ хувилбарыг хамгийн үнэмшилтэй нь гэдэгт санал нэгджээ.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ