Сүхбаатарын талбайн өмнө орших 1.6 га талбайг хамардаг Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд орчин үеийн иж бүрэн цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлсэн билээ. Уг ажил 98 хувьтай, дуусах шатандаа орсон төдийгүй энэ долоо хоногтоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж албаныхан мэдээллээ.
Тус цэцэрлэгт хүрээлэнд 85 м урт, 14 метрийн өргөнтэй аялгуут усан оргилуур, 800 м/кв хэмжээтэй дугуйн талбай, 35 хүнд нэг дор үйлчлэх боломжтой хоёр ариун цэврийн байгууламж барихаас гадна иргэдийн амарч, зугаалах орчныг бүрдүүлэх тохижилтуудыг хийхээр зураг төсөлд тусгасан байна.
3.2 тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах бөгөөд тендер зарлалгүй Нийслэлийн Хот тохижилтын газар шууд гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.