СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуулийн саналын хуудсыг хуулийн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, битүүмжлэх, санал тоолох “New Image Cast” төхөөрөмжийг туршиж, баталгаажуулж эхэлжээ.
Баталгаажсан төхөөрөмжийг өнөөдрөөс орон нутагт хуваарилах юм. Монгол Улс уг төхөөрөмжийг 2012 оноос хойш УИХ-ын хоёр, орон нутгийн хоёр, ерөнхийлөгчийн хоёр сонгуулийн саналыг тоолоход ашигласан.
Харин саналын хуудсыг СЕХ санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэхээр хуульд тусгасан байна. Саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл”, “Таван богд менежмент” компани хэвлэж байгаа бөгөөд дуусах шатандаа оржээ. Саналын хуудсыг битүүмжлэх, төхөөрөмжийг баталгаажуулах ажлыг сонгуульд оролцож буй улс төрийн нам, эвслийн ажиглагчид хянаж байна. Мөн хөндлөнгийн хянагчаар “МИДАС” ТББ ажиллаж байгаа юм.
Саналын хуудсыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргасан сонгогчийн тоонд үндэслэн хэвлүүлдэг нийт сонгогчдын 5 хувьтай тэнцэхүйц хэмжээний нөөцтэйгөөр хэвлүүлдэг. Энэ удаад сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 сая 132 мянга 239 сонгогч бүртгэгдсэн байна.