Дэлхийн олон оронд тавдугаар сарын сүүлч, 06-р сарын эхээр “Хар арьстнууд ч амьдрах эрхтэй” хэмээх хөдөлгөөнд эв санаа нэгтэй байгаа илэрхийлсэн жагсаал тэмцэл өрнөсөн юм.
Африк гаралтай америк Жорж Флойд хэмээх эр Америкийн Миннесота мужийн Миннеаполис хотын цагдаагийн гарт амь насаа алдсан энэ хэргээс улбаалсан жагсаал Америкаас гадна Швед, Нидерланд, Франц, Орос, Австралид болжээ.
Эсэргүүцэгчид хэдийгээр коронавирусний цар тахлаас болоод хөл хорио хязгаарлалтын арга хэмжээ авсан ч гудамжинд гарч дургүйцлээ илэрхийлэхээс огтхон ч айхгүй байгаа юм.
Тухайлбал энэ сарын 3-нд Шведийн нийслэл Стокгольм хотод мянга мянган хүн хотын төвд Жорж Флойдын амь насыг харгис хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийг эсэргүүцэн жагссан. Үүний хариуд Шведийн төр засгаас иргэдээ онлайнаар эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалжээ.
05 сарын 25-нд Америкийн Миннеаполис хотод 46 настай африк гаралтай америк Жорж Флойд саатуулагдах үедээ амиа алдсан юм. “Кап Фүүдс” нэртэй супермаркетын нэгэн худалдагч Флойд гэдэг энэ эрийг хуурамч 20-тын дэвсгэртээр тооцоо хийсэн гэж сэжиглэж, улмаар цагдаад дуудлага өгсөн байна.
Энэ дагуу дөрвөн цагдаа ирж түүнийг баривчлахдаа нэг цагдаа нь газарт хэвтүүлж, хүзүүн дээр нь өвдөглөн даржээ. Цагдаа нар хожим рапорт өгөхдөө Флойдыг “согтууруулах ундаа” хэрэглэсэн, саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн гэж мэдүүлсэн байна.
Саатуулагдсан хар арьст эр тухайн үед амьсгалж чадахгүй байна гэж хашхирахад дэргэдүүр явж байсан хүмүүс нь бичлэг хийн баримтжуулж авчээ. Хэсэг хугацааны дараа Флойд ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн боловч удалгүй амьсгал хураасан байна.
Энэ хэргийн дараа Флойдыг саатуулах ажиллагаанд оролцсон дөрвөн цагдааг халж, нэгийг нь баривчилжээ. Офицер Дерез Шовен гэх, хар арьст эрийг өвдөглөсөн цагдааг 05 сарын 30-нд санамсаргүйгээр хүн амины хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Прокуророос шүүхэд ирсэн материалаас харахад Флойд машинд суухгүй гэж зүтгэсэн, мөн боох арга хэмжээ авахаас өмнө амьсгалахад хэцүү байна гэж гомдоллож байсан гэжээ.
Мөн офицер Шовен түүнийг 8 минут 46 секундын турш хүзүүн дээр нь өвдөглөж, түргэн тусламж ирсний дараа сулласан гэсэн байна. Харин шүүх задлан шинжилгээгээр Флойдыг зүрхний өвчин, боох арга хэмжээ, мөн бие махбодод нь байсан хортой бэлдмэлүүдийн үйлчлэл гэсэн хэд хэдэн хүчин зүйлс хавсарснаас болоод үхэлд хүрсэн гэж гарчээ.
Африк гаралтай энэ америк эрийн үхлээс болоод 05 сарын 26-нд Миннеаполис хотод олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ эхэлсэн бол удалгүй АНУ-ын бүх нутаг дэвсгэрийг хамарч эхэлсэн юм. 05 сарын 31-н гэхэд АНУ-ын 40 гаруй хотод хөл хорио тогтоож, 25 мужид үндэсний гвардийн цэрэг оруулсан байна. Эсэргүүцлийн арга хэмжээ эмх замбараагүй байдал болон дэгдэж, цагдаагийн газрыг шатаах, дэлгүүр мухлагийг тонон дээрэмдэх үйл ажиллагаа ч гарч эхэлжээ. Америкйин 500 гаруй хотод үргэлжилсэн энэ эсэргүүцлийн арга хэмжээний үеэр 10 мянга гаруй хүнийг баривчлан саатуулсан. Мөн энэ үеэр дор хаяж 11 хүн амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп “Антифа” гэдэг бүлэглэл тэргүүлсэн анархистууд энэхүү эмх замбараагүй байдалд холбоотой гэж үзжээ.
Пүрэв гарагт Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон африк гаралтай америк Жорж Флойдыг хүзүүн дээр даран амь насанд нь хүрсэн Дерек Шовены хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хоёрдугаар зэргийн хүн амины хэрэгт буруутгасан тухай мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл санамсар болгоомжгүйгээр хүн амины хэрэг үйлдсэн гэдэг зүйлчлэлийг санаатайгаар амь насанд нь хүрсэн болгож өөрчилснөөр 40 жилийн хорих ял оноох боломжтой болсон гэсэн үг юм. Мөн энэ хэрэгт хамааралтай гурван цагдааг хүн амины хэрэгт өдөөн хатгасан гэдгээр хэрэг үүсгэсэн байна.
Жорж Флойдыг өчигдөр нутагшуулжээ. Түүний цогцсыг төрөлх Умард Каролинад илгээж, дараа нь сүүлийн хэдэн жил амьдарч байсан Хьюстон хотод нь аваачих юм. Тэгвэл цагдаагийн хүчирхийлэл, арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн арга хэмжээ бусад улсад ч болсон.
Их Британи, Герман, Нидерланд, Австрали Шинэ Зеландад сүүлийн хэдэн өдөрт эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөв
Францын нийслэл Парист л гэхэд энэ сарын 3-нд 19 мянган хүн цагдаагийн хүчирхийллийг эсэргүүцэн жагссан юм. Эсэргүүцэгчид Парисын нэгэн шүүхийн ойролцоо Жорж Флойдтой тун ойролцоо нөхцөлд амиа алдсан өөр нэгэн хар арьст франц эр Адама Траорег эргэн дурсаж цугларсан байна. 24 настай энэ хар арьст эр 2016 онд саатуулагдах үедээ цагдаа нарын гарт амиа алдсан юм.
Жагсаал хоёр цагийн дараа эмх замбараагүй байдал болж, цагдаа нар эсэргүүцэгчдийн эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан. Зарим жагсагч хог, хуучин тавилга шатааж, эсэргүүцэл болсон газраас холгүйхэн байдаг тойрог замыг хаасан. Адама Траорег нэхэн дурсах ийм жагсаал Марсель, Лилла, Лион хотуудад ч болсон байна.
Адама Траоре 2016 оны 07 дугаар сарын 19-нд Парисын Бомон-сюр-Уаз коммунд саатуулагдсанаасаа хойш хоёр цагийн дараа амиа алдсан байдаг. Түүнийг гурван цагдааа саатуулах үедээ хоолойноос нь шахсанаас болж боогдож, цагдаагийн хэсэгт ухаангүй байдалтайгаар хүргэгдэж ирсэн юм. Траорег эмч нар сэхээх гэж оролдсон боловч нэгэнт оройтсон байлаа.
Мөн Оросын нийслэл Москва хотод 06 сарын 2-нд 20 гаруй хүн ДХЯ-ны хотын удирдлагын барилгын ойролцоо цагдаагийн балмад дээрэнгүй үйлдлийг эсэргүүцсэн жагсаал болсон. 05 сарын 31-нд Екатеринбург хотод Росгвардийн тусгай албаныхан дөрвөн боодол ханын цаас хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн 27 настай эриийг хөнөөсөн хэрэг гарснаар энэ жагсаал эхэлсэн юм.
Нидерландад л гэхэд Амстердам хотын жагсагчид арьс өнгөний эсэргүүцлийн гол бэлгэдэл болсон “Хар арьстнууд ч амьдрах эрхтэй гэсэн бичиг бүхий цамцаар жигдэрсэн бол Шинэ Зеландын Оклендэд 4000 орчим хүн Жорж Флойдыг хөнөөснийг эсэргүүцэн жагсчээ. Гаагт мөн мянга мянган хүн “Би амьсгалж чадахгүй байна” гэх Жорж Флойдын хэлсэн үг бүхий плакат барин эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тэгвэл Австралийн Сидней хотод жагсаалд оролцогчид Австралийн хорих ангиудууд амиа алдсан уугуул аборигенчуудын төлөө эсэргүүцлээ илэрхийлж, АНУ-ын эсэргүүцэгчидтэй эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Арьс өнгөний ялгаварлал, цагдаа нарын дээрэнгүй үйлдэлтэй холбоогүй бас нэгэн эсэргүүцэл коронавирусний цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг Итали улсад ч өрнөсөн юм.
Энэ сарын эхээр Ромын төвд болон хэд хэдэн хотод Францын “шар хантаазтанууд”-тай төстэй нэртэй “улбар шар хантаазтнууд” гэх ард түмний давалгаа эхэлсэн. Италичууд улбар шар өнгийг сонгох болсон нь шар өнгөний илүү хүнд хувилбар гэж бодож олсон байна.
Жагсагчдын гол шаардлага нь Ерөнхий сайд Жузеппе Контегээ Засгийн газрынхаа хамт огцрохыг шаардах, Итали улсыг Европын холбооноос гаргах, еврогоос татгалзах зэрэг байлаа.
“Улбар шар хантаазтанууд” гэх энэ хөдөлгөөнийг бригадын генерал асан, 1998 онд задарсан Италийн Ардчилсан социалист намын гишүүн асан Антонио Паппалардо үүсгэн байгуулсан юм. Парламентад хоёр жил орчим суусан тэрбээр эцэст нь янз бүрийн эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэх, дэмжих үйл ажиллагаа явуулдаг болсон. Ингээд өнгөрсөн жилээс улбар шар хантаазтанууд гэх хөдөлгөөн зохион байгуулсан юм. Өнгөрсөн жил бүс нутгийн хэмжээнд жижиг хэмжээний эсэргүүцэл өрнүүлж байсан энэ хөдөлгөөнийхөн цар тахлын нөлөөгөөр улам эрчимжиж, тус хөдөлгөөнд нэгдэх хүмүүсийн тоо ч өссөн байна.
Итали улс Европын холбоо дотроо коронавирусний цар тахалд хамгийн ихээр өртсөн улс. Энэ улсад халдвараас үүдэлтэй нас баралт хамгийн ихээр бүртгэгдэж, хамгийн сүүлчийн мэдээллээр 33 мянга гаруй хүн коронавирусний улмаас нас баржээ. Европ дотроо тус улсын өмнө Их Британи улс л бичигдэж байна.
Ийм хүнд нөхцөлд Италийн Засгийн газраас вирусний тархалттай тэмцэх ажлын хүрээнд иргэддээ хатуу хязгаар хориг тогтоосон юм. Харин одоо бараг бүх хориг хязгаарлалтыг цуцлаад, гадаад хилээ хүртэл нээж эхлээд байна.
Хөл хорио суларсан яг энэ үед “улбар шар хантаазтанууд” сүүлчийн хязгаарлалт болох олон нийтээр цугларах, уулзалт цуглаан хийхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эхэлжээ.
Жагсагчдын хамгийн ихээр дургүйцэж байгаа зүйл нь Италийн эдийн засгийн нөхцөл байдал. Цар тахал эхэлснээс хойш тус улсад ажилгүйдэл огцом нэмэгдсэн байна. “Истат” байгууллагын тооцооллоор бол Италийн эдийн засаг 2020 оны эхний улиралд жилийн илэрхийллээрээ 5,4 хувиар унаснаас гадна өнгөрсөн сард ажилгүйдлийн албан ёсны тоо 8,4 хувьд хүрсэн байна.
Эсэргүүцэгчид ажлаа алдсанаас болоод халдварын энэ хүнд нөхцөлд арай ядан амь зууж байна гэсэн байна. Мөн вирус үнэн хэрэгтээ тийм ч аюултай биш байхад төрөөс хязгаарлалтын арга хэмжээг хэтэрхий сунжруулсан гэж үзсэн.
Ялангуяа Паппалардогийн хувьд цар тахал бол санаанаас бодож олсон зүйл гэсэн чиг шугамыг баримталдгаа илэрхийлсэн байна. Тэрбээр нэгэн цуглааны үеэр энэ вирус 80-аас дээш насны хүмүүс, дээр нь архаг хууч өвчтэй хүмүүст л маш аюултай гэж мэдэгдсэн байна. Харин шинжээчид энэ вирус аль ч насны хүмүүст ялгаагүй үхлийн аюултай гэсэн байр суурьтай байгаа юм.
“Улбар шар хантаазтанууд”-ад төрдөө хаягдсан ажилчин анги төдийгүй янз бүрийн хуйвалдааны онолыг сонирхогчид хүртэл нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь олон нийтийг сонирхлыг татаж байна. Ромын том болсон эсэргүүцлийн үеэр жагсагчид коронавирусний вакцины аюул, Билл Гейтс бичил чип суулгах хуйвалдаан зохион байгуулсан, түүнчлэн 5G сүлжээ хүмүүст хэрхэн нөлөөлж байгаа асуудлаар хүртэл үзэл бодлоо илэрхийлж байлаа.
Харин энэхүү жагсаалыг сөрөг хүчний намууд арай өөр зорилгоор ашиглах төлөвтэй байгаа нь харагдсан. Тухайлбал, “Умардын лиг”-ийн тэргүүн Маттео Сальвини, “Италийн ахан дүүс”-ийн тэргүүн Жорж Мелони нар жагсагчдыг дэмжиж үг хэлэхдээ, Контегийн засгийн газрыг огцрохыг, мөн ээлжит бус сонгууль явуулах, хямралын үед хүн амаа дэмжих бодлогоо нэмэгдүүлэхийг шаардаж байлаа.
Ерөнхийдөө энэ удаагийн эсэргүүцэл италичуудын Засгийн газрын үйл ажиллагаандаа хэр хандаж байгааг бүрэн илэрхийлж байгаа нь санал асуулгуудын дүнгээс тодорхой болсон. Судалгаагаар сөрөг хүчний томоохон намууд эрх баригч намуудаасаа рейтингийн хувьд харьцангуй өндөр гарсан байна. Санал асуулгад оролцогчдын 66 хувь нь Контегийн Засгийн газарт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн бол ердөө 28 хувь нь дэмжсэн байр суурьтай байгаа юм.
Хонконгийн засаг захиргаа 30 жилд анх удаа Тяньаньмэний талбай дээр болсон эсэргүүцлийн арга хэмжээний дурсах өдрийг мөн л коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан албан ёсоор хориглосон хэдий ч мянга мянган хүн Виктория цэцэрлэгт цугларлаа.
1989 оны 04 сарын 15-наас 06 сарын 04-ний хооронд Бээжингийн Тяньаньмэний талбайд цуврал эсэргүүцэл зохион байгуулагдаж, энэ ажиллагаанд оюутнууд голдуу оролцсон юм. Тэд ардчилал, намын засгийн хязгаарлалт, авлигатай тэмцэхийг уриалж тэмцэл өрнүүлж байлаа. Харин 06 сарын 04-нд эсэргүүцэгчид рүү гал нээж дарснаар, янз бүрийн эх сурвалжийн мэдээллээр хэдэн зуугаас хэдэн мянган хүн амиа алдсан гэсэн тоо баримт байдаг.
Хонконгчууд энэ өдрийг тэмдэглэж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэдэг уламжлалтай. Харин энэ жилийн хувьд өнгөрсөн жилийнхнээс нэлээд онцлог байдалтайгаар 06 сарын 04-ний өдрийг тэмдэглэсэн юм. Учир нь төрөөс коронавирусний цар тахалтай холбоотойгоор 8-аас дээш тооны хүн цугларахыг хориглосон энэ үед хонконгчууд хоригийг зөрчиж, “Хонконгт эрх чөлөө”, “Яг одоо ардчилал”, “Тусгаар тогтносон Хонконг” зэрэг лоозон барин цугларчээ. Зарим нь Засгийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийхний албан ёсны биш сүлд дуу “Хонконгийн алдар” гэдэг дууг дуулж байлаа.
Үүний зэрэгцээ Хятадаас үндэсний аюулгүй байдлын тухай хууль боловсруулж байгаатай холбогдуулан энэ удаагийн Хятадын оюутны эсэргүүцлийн хөдөлгөөнд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ажиллагаа хамгийн сүүлчийнх ч байж мэдэхээр байна. Бээжингээс “Хонконгийн хууль эрх зүй, хууль сахиулах механизмыг сайжруулах тухай” хууль боловсруулж, үүгээрээ бослого, салан тусгаарлалт, урвалт болбол хариуцлагад татах тухай асуудал яригдаж байгаа юм. Тэгэхээр улс орныг хагалан бутаргасан, төрийн засаглалыг нураах гэсэн, алан хядах үйл ажиллагаа зохион байгуулсан, гүйцэтгэсэн, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлэх аливаа үйлдлийг таслан зогсоох, урьдчилан, шийтгэл хүлээлгэх боломж бүрдэнэ гэсэн үг.
Ийм хууль хэлэлцэгдэж эхэлсэнтэй холбогдуулан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хууль батлагдвал Хонконгийн иргэдэд иргэншил олгоход бэлэн гэдгээ энэ долоо хоногт зарласан. Хонконг нь Вант улсын колони байсан болохоор энэ хотын 350 мянган иргэн Британийн иргэншилтэй. Мөн 1997 оны 07 сарын 01-нээс өмнө төрсөн 2,5 сая хүн бичиг Британийн паспорт авах боломжтой гэсэн байна.
Хятадын ардын төлөөлөгчдийн хурлаас гаргасан Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль гаргахыг сайшаасан шийдвэрээс бол АНУ ч Хонконгийн бизнесийн түншийн давуу эрхийн статусыг хасна гэсэн бол Австрали, Канад улс Хонконгийн хуулиар тогтоосон “нэг улс-хоёр систем” зарчмыг Хятад зөрчиж байна гэж үзсэн.
Харин Хонконгоос энэ асуудлыг тусгаар тогтносон байдалд нь өдөөн хатгасан үйлдэл гэж үзээд, дахин эмх замбараагүй байдал дэгдсэн байна. Үүний зэрэгцээ энэ сарын 4-нд Хонконгийн хууль тогтоох зөвлөлөөс БНХАУ-ын төрийн дууллыг ашиглах, түүнд хүндэтгэлгүй хандвал хариуцлагад татах журам бүхий хууль баталсан нь эсэргүүцэл улам дэгдэхэд хүргэсэн.
Энэ хуулиар бол БНХАУ-ын албан ёсны төрийн дууллыг гутаан доромжилбол 50 мянган хонконг доллараар торгож, 3 жил хорино гэж заажээ. Түүнчлэн төрийн дууллыг дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт оруулж, суралцагчдад төрийн дууллын түүх, цаад учир, ач холбогдолд сургана гэж заажээ. Хуулийн төслийг хууль тогтоох зөвлөлийн 41 гишүүн дэмжиж, нэг нь эсэргүүцсэн. Ардчилсан намын гишүүд энэ хуулийн төслийг батлахад саад хийж байсан боловч хуралаан үеэр зохион байгуулсан эсэргүүцлийн арга хэмжээнээсээ болоод санал хураалтад оролцож чадаагүй.
Энэ хуулиас болоод Тяньаньмэний талбайд болсон үйл явдлын ойн өдөр хэдий хориг авьсан ч хонконгчууд Виктория цэцэрлэгт хүрээлэндээ цугларсан юм. Ийнхүү 06 сарын 04-ний өдөр Хонконгт үйл явдал дүүрэн өнгөрсөн. Өнгөрсөн оны энэ өдөр Виктория цэцэрлэгт хүрээнд 180 мянган хүн цугларч, Тяньаньмэний талбайд болсон үйл явдлыг дурссан бол энэ удаагийн арга хэмжээнд 40 мянга орчим хүн оролцжээ. Цагдаа нар энэ өдөр цугларсан олонд хориглосон арга хэмжээнд оролцож байгааг анхааруулсан байна. Гэхдээ хүч хэрэглэж, арга хэмжээг хүчээр тараагаагүй байна.