“Тавантолгой түлш” ХХК 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд өнгөрсөн 3 дугаар сараас хойш 30 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэжээ. Нийслэлийн гэр хорооллын өрхүүдийн хэрэгцээнд энэ зун 200 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэн нөөцлөх юм.
2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд сайжруулсан түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийг ашиглалтад оруулснаар өнгөрсөн өвөл нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулсан юм.
2018 онд 202 мянган өрх яндан зуух ашиглаж байсан бол 2019 онд 6 мянган өрх орон сууцанд орж, 30 мянган орчим өрх цахилгаанаар болон бусад эх үүсвэрээр, 177 мянган өрх халаалтын зуухаар халаалтаа шийджээ. Эдгээр өрхүүд 2019-2020 онд 474 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэсэн нь 2018 онд хэрэглэсэн түүхий нүүрснээс 2 дахин бага байгаа юм.
Айл өрхийн болон дулааны станцын түлшний үнсийг 100 хувь ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрхийн үнсийг ангилж ялгах, тусад нь тээвэрлэх, барилгын материал үйлдвэрлэх ажлыг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулж байна.
Түүнчлэн дулааны станцын үнсийг уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглахаар судалгааны ажлыг эхлүүлсэн бол сайжруулсан түлшний үнсээр үрэл хийж цэвэрлэх байгууламжийн бохир усыг шүүх боломжтой гэсэн туршилтын дүн гарчээ.
Найлайх дахь Зүүн бүсийн шахмал түлшний үйлдвэрийн бүтээн байгуулалт өнгөрсөн 4 дүгээр сард эхэлсэн. Жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай уг үйлдвэр 2020 оны 11 дүгээр сард ашиглалтад орох бөгөөд Гачуурт, Налайх, Багануур, Багахангай зэрэг нийслэлийн алслагдсан дүүргийн айл өрхийг сайжруулсан түлшээр хангах юм.