Нэг сайн ном мянган багштай тэнцэнэ гэдэг.
ХААН Банк Сангаас хэрэгжүүлдэг “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн оролцогчдын дунд долоон төрлийн номноос сонгон уншиж, тэмдэглэл хөтлөх уралдаан зарласан билээ.
Тус уралдаанд оролцсоноор оюутнууд уншсан номынхоо талаар өөрийн сэтгэгдлээ цэгцтэй, уран яруу илэрхийлж сурах, бичлэгийн ур чадвараа дээшлүүлэх зэрэг олон ач холбогдолтой юм.
200-300 хуудастай бүхэл бүтэн номын талаар өөрт төрсөн сэтгэгдэл, эргэцүүллийг ганцхан хуудсанд багтаан, хамгийн товч бөгөөд тодорхой буулгаж бичнэ гэдэг маш том ур чадварын нэг юм.
Уралдаанд нийт 50 гаруй оюутан оролцож, номын тэмдэглэл бичиж ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттай сонгон шалгаруулалт явуулж, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн баг ажиллаж, дүнгээ нэгтгэснээр шилдэг болон тусгай байрын эздийг шалгарууллаа.
Уралдааны тэргүүн байрт Дотоод хэргийн их сургуулийн I курсийн оюутан О.Өгөөмөр-Үжин, дэд байрт МУИС-ийн I курсийн оюутан А.Цэвэлмаа, гутгаар байрт МУИС-ийн I курсийн оюутан Б.Ганчулуун нар шалгарч, шагналаа гардан авлаа.
ХААН Банк Сангаас санал болгосон номнуудаас сонгон уншиж, уншсан номын тэмдэглэлээ хамгийн цэгцтэй, ойлгомжтойгоор сэтгэлд хүртэл бичиж ирүүлэн, идэвхтэй оролцсон “RISE” хөтөлбөрийн нийт оюутан залуустаа баярласнаа илэрхийлье. Ном болгон тус бүр нэг “ертөнц” байдаг шиг оролцогчдын маань бичиж ирүүлсэн тэмдэглэл бүхэн өөр өөрсдийн өнгө төрхтэй, өвөрмөц “бүтээлүүд” байлаа.
Уралдааны тэргүүн байрт шалгарсан Дотоод хэргийн их сургуулийн I курсийн оюутан О.Өгөөмөр-Үжингийн сэтгэгдлийг хүргэе.
“Өмнө нь би номын тэмдэглэл огт бичиж байгаагүй. Харин их сургуулийн оюутан болсноор хичээлүүдээ цахимаар үзэж, тухайн хичээлтэй холбогдолтой ном, сурах бичиг уншин тэмдэглэл хөтөлж эхэлсэн нь надад туршлага болсон.
ХААН Банк Сангаас хэрэгжүүлдэг “RISE” шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн нээлтэд өнгөрсөн намар оролцож, энэ хөтөлбөрийн тухай мэдээлэлтэй болсон. Энэ уралдааны тухай найз минь анх надад хэлж, оролцохыг санал болгосон. Сонирхоод үзтэл унших номын жагсаалт дунд Америкийн зохиолч, мэс засалч Пол Каланитийн “Амьсгал агаар болохуйд” ном байсан.
Би уг номыг ааваасаа бэлгэнд аваад удаагүй байсан болохоор ихэд олзуурхаж, уралдаанд оролцохоор шийдэж, номоо уншиж, тэмдэглэлээ илгээсэн. Гэхдээ би өөрийгөө I байр эзэлсэн гэж ер бодоогүй ирсэн болохоор маш том гэнэтийн бэлэг боллоо. ХААН Банк Сангийн хамт олонд баярласнаа илэрхийлье.”
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар хэрэгжүүлсэн энэ жилийн “RISE” хөтөлбөрт урам зориг, итгэл зүтгэлээр дүүрэн оролцсон I курсийн дүү нартаа сурлагын өндөр амжилт хүсэж, зорилго мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэж, гэрэлт ирээдүйнхээ эзэд нь байхыг ерөөе.
Бид “RISE” хөтөлбөрийнхөө гурав дахь жилийн нээлтийн хүрээнд ирэх намар I курсийн шинэхэн оюутнуудтайгаа шинэ содон хөтөлбөр, арга хэмжээнүүдийн хамт баяртайгаар эргэн уулзах болно.
Суралцъя, хөгжье…