АНУ-ын Засгийн газраас Ковид-19 халдвараас сэргийлэх эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан хувийн хамгаалах хэрэгсэл хандивлаж байгааг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Майкл Клечески өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.
Хувийн хамгаалах хэрэгслийг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Ковид-19 халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 7.0 сая хүн өвчилж, үүнээс 3.1 сая хүн эдгэрсэн болохыг мэдээлэхийн зэрэгцээ дэлхийн улс орнуудад халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ огцом нэмэгдэж хомсдол үүссэн юм.
Энэ үед АНУ-ын Засгийн газраас хувийн хамгаалах хэрэгслийг хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлж, эдгээр хувийн хамгаалах хэрэгслийг эрүүл мэндийн холбогдох байгууллагууд руу нэн яаралтай хүргүүлэх болохыг мэдэгдэв.
Элчин сайд Майкл Клечески хэлэхдээ АНУ-ын Батлан хамгаалах яамнаас нийт 28,399.0 ам.доллар буюу 80.0 сая төгрөгийн үнэ бүхий халдвараас сэргийлэх хувийн хамгаалах хэрэгслийг Монгол Улсын ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус тус хүлээлгэн өгч байгаа ба эдгээр хэрэгсэл нь Ковид-19 халдварын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтныг халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Мөн тус улсын БХЯ-наас Иргэн-цэргийн дэмжлэг багаар дамжуулан Монгол Улсад хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой ажлууд хийж байгаа ба өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн болохыг мэдээлэв.
Тэрээр энэхүү хандив туслалцаа нь Монгол, АНУ хоорондын стратегийн түншлэлийн хамгийн бодит жишээ болж байна гээд Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг сайшаав.