Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийлээ. /2020.06.09/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: ЭМЯ-ны 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт 207 дуудлага ирж, коронавирусийн халдвараас сэргийлэх, халдварын үеийн шинж тэмдгийн талаар мэдээлэл авлаа. Мөн АНУ, Швед, Сингапур, Казахстанаас зургаан монгол иргэн утсаар ЭМЯ руу холбогдож, коронавирусийн халдвараас сэргийлэх талаар мэдээлэл авлаа.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа: Халдварын тархалт, нас баралтаар АНУ тэргүүлж байна. Энэ сарын 08-ны өдөр АНУ-д 2 сая хүн халдвар авснаас 113 мянга гаруй хүн эндлээ. Сүүлийн 24 цагт тус улсад 17 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдлээ.
Бразил улс халдварын тохиолдлоор хоёрдугаарт орж байна. Тус улсад 710 мянган хүн халдвар авснаас 37.3 мянган иргэн нас барлаа. Бразил Улсын Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт халдвар, нас баралтын шинэ тохиолдлын тоо зарлахаа больсон нь дотооддоо шүүмжлэл дагуулсан тул мягмар гарагаас эхлэн мэдээлэхээр шийдвэрлэсэн байна.