Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Говь-Алтай аймгийн УИХ-ын сонгуулийн 5 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нарын хамт иргэд сонгогчдтой уулзаж, санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх юуны түрүүнд монголчууд бид дотооддоо коронавирусыг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь нас эрсдээгүй байгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа хэлэв. Мөн төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, Алтайчууддаа Засгийн газар, Улсын онцгой комиссын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн дөрвөн жилд тус аймагт хийгдсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжив.
МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Говь-Алтайд биелүүлж чаджээ.
Тухайлбал, Алтай-Баянхонгор чиглэлийн авто зам энэ оны 10-р сард бүрэн ашиглалтад орно. Аймгийн хэмжээнд 5,4 км хатуу хучилттай замыг дугуйн зам болгон явган замын хамт ашиглалтад оруулж, гурван км бетон хучилттай авто зам тавьжээ. Цэвэр усны “Тайшир-Алтай” төслийг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. “Солонго” хороололд 120 айлын орон сууцыг ашиглалтад оруулав. Аймгийн хэмжээнд боловсролын салбарт 860 хүүхдийн сургууль, 300 хүүхдийн дотуур байр, 300 ортой цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн салбарт 30 ортой эрүүл мэндийн төвийн барилгыг ашиглалтад оруулжээ.
Иргэдийн хэлж буйгаар, 30 жил хөгжөөгүй Алтайг МАН гурван жилийн дотор хөгжүүлж эхэлжээ. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 70-75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж, авто зам, орон сууц, цэвэр усны шугам хоолойг тавьж эхэлсэн байна. Мөн дулааны станц, цементийн үйлдвэрүүд барихаар болжээ. “Манай аймгийн хүүхдүүд одоо нийслэлийн хүүхдүүд шиг орчинд суралцаж байгаа. 30 жилийн турш цэцэрлэг сургуулиудад засвараас өөр зүйл хийгддэггүй байсан. Харин Ш.Раднаасэд гишүүн манай орон нутгаас сонгогдсон цагаасаа хүүхдүүдийн сурах орчинд анхаарлаа маш сайн хандуулж, шинээр олон цэцэрлэг сургууль барьсан. Энэ удаад Б.Энх-Амгалан сайд маань нэр дэвшлээ. Зам тээврийн сайд учраас манай аймгийн бүх сумдыг аймгийн төвтэй холбоно гэж ярьж байна. Үүнд нутгийн иргэд бид олзуурхаж байна. Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нараа багаар нь дэмжиж, аймаг сум орон нутгаа илүү их хөгжүүлнэ” хэмээн иргэд ярих аж.
Уулзалтын уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 5-р тойрогт нэр дэвшиж буй Ш.Раднаасэдийг “Эх орноо гэсэн сэтгэлтэй, боловсролтой, зүтгэлтэй монголын маш сайн цөөхөн хуульчдын нэг. Нүдний хор, сэтгэлийн хор нь хэдийнээ арилсан төрийн түшээ” хэмээн онцлов. Харин Б.Энх-Амгаланг “Маш өндөр боловсролтой, олон хэлээр ярьдаг, аливаа ажлыг гүйцэтгэл сайтай маш түргэн шуурхай хийдэг. Манай Зам тээврийн салбарыг маш сайн авч яваа сайд” гэж хэлээд “Энэ хоёр залуугийн маань “толгой”-г ашиглаарай, Алтайчууд минь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй энэ хоёр залуугаа багаар нь дэмжихийг хүсье” гэлээ.
МАН 2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Говь-Алтай аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна.
1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:
Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-400
Түрээсийн орон сууц- 200
2. МАА-ын гаралтай түүхий эд боловсруулах, органик хүнс үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ.
3. Усалгаатай тариалан хөгжүүлнэ.
4. Дэлгэр, Хөхморьт, Баян-Уул, Дарви, Бигэр зэрэг сумдыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ.
5. Алтай хотод баригдах дулааны станцыг ашиглалтад оруулж, 2 дугаар хэлхээний шугам сүлжээг бүрэн шинэчилж, хэрэглээний халуун, хүйтэн устай болгоно.
6. Төгрөг сумын Хүрэн голын нүүрсний ордыг түшиглэн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах дулааны цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлнэ.
7. Тайшир сумын Дөрвөлжингийн шохойн чулууны ордыг түшиглэн жилд 360 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулж ашиглалтад оруулна.
8. Тайшир сумын төмрийн хүдрийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр байгуулан экспортлох ажлыг эхлүүлнэ.
9. Алтай хотод 10МВт-ын нарны цахилгаан станц барьж ашиглалтад оруулна.
10. Инженерийн цэргийн анги байгуулна.