Шинэ коронавирусийн халдвар тархсанаас хойш Монгол Улсын эдийн засагийн гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж, салбаруудад зөвхөн дөрөвдүгээр сард ямар нөлөөлөл үүсгэснийг Үндэсний статистикийн хороо судалсан.
2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр зарласан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний улиралд эдийн засгийн гол үзүүлэлтүүд өмнөх оны мөн үеэс
- ДНБ 10.7%,
- Уул уурхайн салбар 29.5%,
- Жижиглэн худалдааны борлуулалт 11.5%,
- Нийтийн хоолны салбарын орлого 2.6%,
- Зочид буудлын салбарын орлого 42.9% тус тус БУУРЧ,
- Төлбөрийн тэнцэл 767 сая ам.долларын алдагдалтай гарч, харин
- Хөдөө аж ахуйн салбар 14%,
- Аж үйлдвэр, барилгын салбар 6.4%
- Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 43% тус тус ӨСЖЭЭ.
Бөөний болон жижиглэн худалдааны салбар ДНБ-ийн бууралтын 1.3 пунктийг эзлэв
ДНБ ийнхүү 10.7% буюу 377.2 тэрбум төгрөгөөр буурахад
- Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 269.2 (29.5%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 114.9 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
- Хөдөө аж ахуйн салбар 14%, аж үйлдвэр, барилгын салбар 6.4% өссөнийг эс тооцвол уул уурхайн бус салбар бүхэлдээ буурчээ.
ДНБ-ий 10.7 хувийн бууралтын -1.3 пункт нь бөөний болон жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Зураг 1. ДНБ-ий 2020 оны эхний улирлын өсөлт, бууралт, салбаруудын оролцоо
Худалдааны салбарын бор
Зураг 1. ДНБ-ий 2020 оны эхний улирлын өсөлт, бууралт, салбаруудын оролцоо
Худалдааны салбарын борлуулалтын орлогын 45.2 хувийг жижиглэн худалдааны салбараас бүрдүүл байгаа ба жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ оны эхний улиралд 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар буурсан байна.
Үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 2020 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар буурсан. Хэдийгээр 2020 оны 1, 2 дугаар сард үйлчилгээний салбар хэвийн ажиллаж байсан ч коронавирусны халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 тоот захирамжийн дагуу бүх төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ресторан болон бусад нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг багасгаснаар
- зочид буудлын салбарын нийт орлого 2020 оны эхний улиралд 35.3 тэрбум төгрөг болж, өмнөх улирлаас 56%,
- нийтийн хоолны салбарын орлого 102.9 тэрбум төгрөг болж 20.1% буурсан байна.
Зураг 2. Зарим үйлчилгээний салбарын өсөлт
Төсвийн зардал өсөхөд урсгал зардал 19%, хөрөнгийн зардал 22% өссөн нь нөлөөлжээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны нийт орлогыг 12.9 их наяд төгрөг байхаар баталсны
- 3.2 их наяд нь уул уурхайн салбарын орлого
- 3.5 их наяд нь төгрөгийг импорт
- 5.1 их наяд төгрөгийг эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлийн орлого
- 1.1 их наяд төгрөгийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр тооцсон байна.
Зураг 3. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл, жил бүрийн эхний 4 сарын байдлаар, тэрбум төгрөг
Тэгвэл улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.9 их наяд төгрөг, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 3.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 276 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.
Үүнийг задалбал:
- Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 33.2%
- Онцгой албан татвар 23.1%
- Нэмэгдсэн өртгийн албан татвар 10.0%
- Нийгмийн даатгалын орлого 6.9% буурсан нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага өсөхөд
- урсгал зардал 464.2 (18.7%) тэрбум төгрөг
- хөрөнгийн зардал 68.7 (21.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 88.5 хувь нь урсгал зардал, 11.5 хувь нь хөрөнгийн зардал байна.
Хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэлийн борлуулал 17.2 хувь өсөв
Үйлдвэрлэл эрхэлдэг ААН, байгуулагын борлуулалт 2020 оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.4 их наяд төгрөг буюу 36.6%-аар буурав.
Харин хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэлийн борлуулалт 17.2 хувь өссөн байна.
Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2020 оны эхний дөрвөн сард 499.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөг буюу 3.3% өсөв. Үүн дотроо:
- Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 1.1 (1.5%) тэрбум төгрөгөөр
- Үр тарианы гурил, малын тэжээл үйлдвэрлэл 8.9 (13.5%) тэрбум төгрөгөөр
- Хүнсний бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.8 (12.2%) тэрбум төгрөгөөр
- Ундаа үйлдвэрлэл (согтууруулах ундаа ороод) 16.7 (7.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн.
Харин мах, загас, ногоо, тос боловсруулалт өмнөх оны мөн үеэс 18.5 (28.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Зургаан нэрийн барааны үнэ өсөж, зургаан нэрийн барааны үнэ буурчээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.6 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.2 хувь, өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар хувиар өссөн байна.
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 12 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны 5 дугаар сарын III долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 нэрийн барааны үнэ (62.4%) тогтвортой, 6 нэрийн барааны үнэ (18.8%) буурсан, 6 нэрийн барааны үнэ (18.8%) өссөн байна.
Зураг 4. Бүтээгдэхүүнүүдийн үнийн өөрчлөлт
Үнийн судалгааны сагс дахь нийт 373 нэр төрлийн бараа, үйлчилгээний 200 нь буюу 45% нь импортын бараа, бүтээгдэхүүн байдаг. Инфляцад импортын барааны үнийн өсөлтийн нөлөө 25.5% байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 13.1 пунктээр буурлаа.
Шатахууны импорт буурсан нь нийт импорт буурахад голлон нөлөөллөө
Цар тахалтай холбоотойгоор экспорт буурснаар төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 767 сая америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 368.9 сая америк доллароор өсжээ. Гадаад худалдааны бараа эргэлт эхний дөрвөн сард 3 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 30.8% буурахад БНХАУ-тай хийсэн нийт экспорт 45%, импорт 7.3% буурсан нь голлон нөлөөлжээ.
Экспорт 2020 оны эхний дөрвөн сард 1.4 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 45.3% буурлаа. Задалж харвал
- алтны экспорт 115.6 сая ам.доллар
- зэсийн баяжмалын экспорт 215.2 сая ам.доллар
- нүүрсний экспорт 629 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Импорт 1.6 тэрбум америк доллар болж, өмнөх оны мөн үеэс 179.9 сая америк доллароор буурахад
- автобензиний импорт 19.8 сая америк доллар
- дизелийн түлшний импорт 58.6 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг нүүрсний тээврийг автозамаар тээвэрлэдэг ба энэ он гарснаас хойш БНХАУ-руу экспортолж буй нүүрсний хэмжээ огцом буурсан нь авто тээврээр тээсэн ачаа буурахад голлох нөлөөг үзүүлсэн байна. Үүнтэй уялдаад банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны дөрөвдүгээр сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.5 хувиар өсөөд байна.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил өснөх оны мөн үеэс 61.1 хувиар өссөн
Цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш ханиад, томуугийн дэгдэлт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буураад байна. Иргэд ЭМЯ-ны заавар, зөвлөгөөг сайн дагаж, гараа тогтмол угаан, амны хаалт зүүж хэвшсэн нь амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчин урьд байгаагүй доод түвшинд хүрч, буурахад нөлөөлсөн байна.
Зураг 5. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, мянган хүн
Үйлчилгээний газар, баар, цэнгээний газруудыг хэсэгчлэн хааж, цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, иргэдийг аль болох гэртээ байхыг уриалж байгаа нь хөл хорио тогтоогоод буй хугацаанд нийт гэмт хэргийн гаралт буурахад нөлөөлсөн байна. Гэвч нөгөө талдаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил нэмэгдэх шалтгаан болж, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 61.6 хувиар өссөн байна.
ДЭМБ-аас онц байдал зарласны дагуу хилээр орох, гарах урсгалыг хязгаарласны дээр дотоодын хөл хорионы улмаас улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2020 оны эхний улиралд 10.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 5.1 (33.4%) сая тонноор буурч, 29.1 сая хүн (давхардсан тоогоор) зорчсон нь 13.4 (31.4%) сая хүнээр буурсан байна.
ҮДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО