Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.06.05/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 улс оронд 6 сая 688 мянган хүн өвчилж, 391 мянган хүн уг өвчнөөр нас барлаа. Одоогоор гурван сая хүн эмчлэгдэж байгаа бол мөн гурван сая хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Сүүлийн 24 цагт 125 мянган хүн дэлхий нийтэд өвчилж, таван мянга гаруй хүн нас баржээ. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 15 мянган хүнээр, нас баралт 900 гаруй хүнээр нэмэгдлээ.
ОХУ-д 24 цагийн дотор 8831 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол манай олон аймагтай хил залгадаг Буриад, Эрхүү, Чита, Тува мужуудад 39-138 хүнээр халдварын тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Ялангуяа Эрхүү хотод өвчлөл хамгийн өндөр буюу 138 тохиолдлоор нэмэгдэв. Тувад өмнөх өдрөөс 76 тохиолдол нэмэгдэж нийт 1297 тохиолдол бүртгэгдлээ.
Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа өвчтөнөөс хүндэвтэр 15 хүн байна.