Дорноговь аймгийн төв Сайншанд суманд байдаг Музей, сургалт судалгааны төв /МССТ/-д Монгол Улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад багтсан гурван дээл бий.
2005 оны 10 дугаар сарын 25-нд Даланжаргалын сумын төвөөс баруун урагш 42 км зайтай орших Нартын хадны Бургастайн ам хэмээх газраас агуйн эртний оршуулга илэрсэн мэдээллийн дагуу ШУА-ийн Археологийн хүрээлэн, аймгийн Музей сургалт судалгааны төвтэй хамтран малтлага судалгаа хийсэн байдаг.
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Б.Цогтбаатарын илтгэлд энэ талаар тодорхой дурдсан бөгөөд оршуулгад буй бусад эд зүйлсийг судалж үзэхэд XII-XIV зууны үед холбогдох нь тодорхой болж байна гэжээ.
“Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл”-ийн зэрэглэлээр баталсан жагсаалтын 769-д Илгэн дээл /эмэгтэй/, 770-д Даавуун дээл /эмэгтэй/, 771-д Торгон дээл /эмэгтэй/ нэрээр Нартын хадны оршуулгад дагалдуулж тавьсан өвөл, зуны гурван дээлийг хамруулжээ.
Хатмал шарил болон хосгүй үнэт эд өлгийн зүйлсийн хадгалалт хамгаалалтын тухай аймгийн МССТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранжаргал өгүүлэлдээ тус музейд буй “Хосгүй үнэт” зэрэглэл бүхий уг гурван үзмэрийг нарийвчлан судалсан Монголын Үндэсний музейн арга зүйч Ч.Туулцэцэгийн дэлгэрэнгүй судалгааг дурдсан байна. Түүний судалгааг хүргэе.
- Арьсан дээл:
Урт нь 145 см, өргөн 222 см хэмжээтэй дээл нь шарилыг хучиж тавьсан байдалтай олджээ. Ямар нэг зэрлэг амьтны арьс зарим хэсэгтээ хүрэн өнгийн үстэй бололтой, элдэж боловсруулан, хөрстэй хэсгийг нь доош харуулсан, зөв ташуу энгэртэй, нарийн ханцуй, уужим сугатай, урт, нэлээд элбэг өргөн эсгүүртэй дээл юм.
Зах, гадаад энгэрийн эсгүүрийн байдал тодорхойгүй, урагдаж үгүй болсон учир хэлбэр хэмжээг нарийн тодорхойлох боломжгүй.
Мөрний хэсгээр торлосон арьсны үлдэгдэлтэй. Дээлийн хоёр ханцуйн хоорондох зай 222 см. Ханцуйн үзүүр дөнгөж гар багтахаар нарийхан эсгүүртэй. Хоёр суганы хоорондох өргөн 92 см. Дээлний хормойн өргөн 138 см, дээлийн урт 145 см хэмжээтэй.
Арьсан дээлний ташаа, хормойг тойруулан үсний сорыг нь тааруулсан бололтой 7-10 см хэмжээтэй дөрвөлжлөн эсгэж, хооронд нь хөвөрдөн оёсон арьсаар 8-10 см өргөн эмжээрлэн дотор талаар нь 1,5 см өргөнтэй нарийн арьсан хошоо давхар дарж шаглан оёжээ.
Гадаад хормойн үзүүрт эмжээрлэсэн арьсаа хошуулдан хоёр хэсэг эсгэж оруулан дотор талаар нь арьсан хошоогоо хошуу гарган дарж оёсон онцлогтой байна.
Хормойд нь элдсэн арьсаар эвэр угалз хээ хайчлан ирмэгийг нь дарж оёжээ. Арьс нь хатаж ихэд гэмтсэн, товч шилбэний зүйл мэдэгдэхгүй байна.
- Магнаг торгон дээл:
Урт 156 см, өргөн 155 см. Магнаг торгон дээлийн хоёр ханцуйг өвөр лүү нь нугалан эвхэж шарилын толгой доор дэрлүүлсэн байжээ.
Дээлийн зүүн ханцуй тохойноосоо урагш, урд энгэр хормойн зарим хэсгүүд үжирч муудан салбарч урагдаад 30-40 хувь үгүй болсон. Энэ дээл нь зүүн гар талдаа дарсан ташуу энгэр, нарийн ханцуй, уужим суга, газар шүргэсэн урт, өргөн хормойтой.
Гадар өнгийг хоёр өөр хээтэй хоёр магнаг торгоор урласан. Их бие, хормой, зүүн ханцуйг улаан дэвсгэр дээр алтан шар утсаар нэхсэн луун хээтэй магнаг торгоор урласан бол баруун ханцуй, энгэрийн зүүн ташаанд далавчаа дэлгэн нисэж буй толгойдоо өрөвлөгтэй жижигхэн махир хошуутай шувууны дүрс бүхий хээтэй улаан дэвсгэр дээр алтан шар утсаар нэхсэн торго оруулжээ.
Сиймгэр нэхээстэй цэнхэр өнгийн цулгуй торгоор доторлосон байна. Зүүн гар талд дарсан энгэр нь зүүн сугандаа хүрээгүй хагас эсгэлттэй, дээрээ ганц ширхэг улбар шар торгон бүчтэй байна. Буруу, зөв дарсан хос энгэртэй байснаа лав дарсан дотоод энгэр үлдэж, гадаад энгэр нь үгүй болж хэмээн үзмээр харагдана.
Дээлийн ханцуй захыг хар хүрэн бөсөөр өргөн, цайвар цэцгэн хээтэй хар эрээн торгоор нарийн эмжсэн. Баруун ханцуйн үзүүрээс зүүн ханцуйн үлдсэн хэсэг хүртэл 155 см, хормойн бүтэн хэсгийн өргөн 115 см, дээлийн захаас хормой хүртэл 156 см урт байна.
Өнгө дотрыг гадраар нь хавсарч нийлүүлэн, дотоод хормойн доод хэсгээр найман см өндөртэй бор өнгийн олсон /маалинга/ даавуугаар эргүүлэн хажиж, бүх ирмэгийг нь нугалж хөших оёдлоор тойруулан оёжээ.
Ханцуйны эмжээрийн араас эхлэн бүсэлхийн шугам хүртэл ханцуйн өнгө дотрыг давхарлан гадаад ирмэгээс 1,2 см дотогш нь хамарлан ойр ойрхон ширж оёсон өвөрмөц оёдолтой.
- Дотуур дан дээл:
Урт 132 см, өргөн 158 см. Дээл нь нарийн нэхээстэй улаан хүрэн өнгийн нимгэн торгоор хийсэн, зөв тийш дарсан ташуу энгэртэй, босоо захтай, нарийхан ханцуйтай, хуниас бүхий сул дэрвэгэр хормойтой юм. Дээлийг шарилд өмсгөж тавьжээ.
Дээлийн цээж хормойг тусад нь эсгэж, 101 см өргөн хормойг цээжин хэсэгт тааруулан ижил хэмжээний олон нугалаас гарган хооронд нь залгасан, сугандаа нэг ширхэг цайвар өнгийн торгон бүчтэй.Дээлийн энгэр, зах, ханцуйг ногоон дэвсгэр дээр алтан шаргал утсаар нэхсэн таван нүдэн хээтэй, мөн ижил нэхээстэй боловч цэцэг ургамлын хээтэй хоёр бөсийг зүйж долоон см өргөн эмжжээ.
Мөн хормойны доод хэсэг, зүүн ташааг бор өнгийн олсон /маалинга/ даавуугаар дотор талаас нь хажилсан байдлаас харахад зүүн гар талдаа өндөр оноотой байсан бололтой. Захыг бараан өнгийн даавуугаар доторлон, ирмэгийг нь дотогш нугалан нөхөж оёжээ.
Захаас хормой хүртэл урт нь 132 см, зүүн ханцуйн үзүүрээс баруун ханцуйн сэмэрхий хүртэл 158 см байна. Эдгээр дээлийг сурвалж судалгааны материалтай харьцуулан үзэхэд дундад эртний үеийн эхнэр дээлний бүхий л хэв шинжийг өөртөө хадгалсан, хосгүй чухал биет дурсгал болох нь харагдаж байна.
Арьсан болон магнаг торгон дээлийг гадуур өмсдөг. Харин сул дэрвэгэр богино хормойтой нимгэн торгон дээлийг дээрх өргөн эсгүүртэй дээлний дотуур өмсөхөөс гадна ханцуйгүй ууж хэлбэрийн өмсгөл дотор өмсөж байсан бололтой гэжээ.
Эх сурвалж : Дорноговь : МОНЦАМЭ