Улстөрчид, томоохон албан тушаалтнууд нэр төрөө бодоод олны дундаас “Сайн уу? Намайг санаж байна уу?” гэсэн хүмүүсээс аль болох дөлж зугтдаг. Ингэх шалтгаан ч байдаг гэнэ.
ИЛЧИЛСЭН НЬ. Өнгөрсөн оны 04 сарын 11-нд Украинд “95 хороолол” студийн жүжигчин Денис Манжосовын хэвлэлийн бага хурал товлогдсон юм. Хэвлэлийн хурлын сэдэв нь “Толины цаадах буюу хүүхэд насны сайн найзууд, КВН, “95 хороолол” студийн түншүүд болох Владимир Зеленский (Украины өнөөгийн Ерөнхийлөгч), Денис Манжосов нарын зам яагаад салсан тухай” байв. Олон сэтгүүлчид түүнийг маш том нууц дэлгэнэ гэж бодож байлаа. Яагаад гэвэл тухайн үед Зеленскийг мансууруулах бодис хэрэглэдэг байж магадгүй гэсэн яриа гараад байсан үе. Гэвч Манжосов энэ хэвлэлийн хурал дээр өөрөө ирсэнгүй. Түүнийг айлгасан гэх мэдээлэл хүртэл гарсан.
Гэхдээ Денис Манжосов хэдэн цагийн дараа “Прямой” сувгийн эфирээр гарч, Владимир Зеленский хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй гэсэн мэдэгдэл хийсэн байна. Гэхдээ Манжосов Зеленскийг сонгуульд дэмжихгүй гэдгээ онцлон тэмдэглэсэн. Ийнхүү илчилнэ гэсэн хүлээлт талаар болсон юм.
ШАНТААЖ. Хэдийгээр энэ тохиолдолд ямар нэгэн сенсааци гараагүй ч асуудал үргэлж үүн шиг байдаггүй. Хуучин танилын гэнэтийн уулзалт, захидал томоохон шантаажаар төгсгөл болох нь бий. Ийм тохиолдолд нөлөө бүхий этгээдээсээ мөнгө шаардах буюу ямар нэгэн асуудлын хариуд улс төрийн шийдэл шаарддаг.
Ямар нэгэн шалтгаанаар гомдож явдаг хуучны танил тухайн этгээдтэйгээ биечлэн уулзахыг оролддоггүй, харин сэтгүүлчдэд болон хууль сахиулагчдад таагүй мэдээллээ өгөхийг хичээдэг. Эсвэл интернэтээр уг мэдээллээ цацчихаж болдог.
Энэ бүгдийг улстөрчийн гол асуудал болсон хар пиарт сонгуулийн үеэр ашиглах нь бий.
ШАЛТГААН. Дуулианы шалтгаан ямар ч байж болно. Худалдан авсан диплом, гэр бүлээс гадуурх хүүхэд, эртний мартагдсан хайрын холбоо, хууль бусаар авсан хөрөнгө, тусгай албадтай хамтран ажилласан , авлига авсан өгсөн гээд л хуулиар далайлгах болон нийгмээр шүүмжилж болох юу ч байж болно. Тэр ч бүү хэл санамсаргүй авахуулсан зураг, бичлэг ч хэвлэлээр хэлэлцэх, улстөрч, эрх бүхий албан тушаалтан, бизнесмэний карьерт муугаар нөлөөлөх асуудал тарьж мэднэ.
ЖИШЭЭ. Заримдаа алдартнууд залуу насандаа хийсэн алдаа, буруу үйлээ өөрөө хүлээх зоригтой байдаг. Тухайлбал, Арнольд Шварценеггер тухайн үедээ нууц хүүтэй гэдгээ хүлээн зөвшөөрч, хэвлэлээр дуулиан тарьсан. Энэ нь түүнийг нэр төрөө алдахаас сэргийлж чадсан юм.
Секс шантаажны хамгийн сонгодог жишээ 2006 онд Израильд гарсан. Ерөнхийлөгч Моше Кацавын албанд ажиллаж байсан нэгэн эмэгтэй түүнээс нууц баримт дэлгээгүйн төлөө нөхөн олговор өгөхийг шаарджээ. Ерөнхийлөгч ч зөвшөөрөөгүй тул энэ асуудал шүүхэд шилжсэн байна. Гэтэл удалгүй өөр эмэгтэйчүүдээс өмнө нь хүчиндэж байсан, хүч хэрэглэн эзэмдсэн гэх мэдэгдлүүд гарснаар Кацав их хэмжээний нөхөн олговор төлж, шоронд суухад хүрчээ.
Бизнесмэн, Италийн Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан Сильвио Берлусконийн хувьд арай өөр замыг сонгож, шүүхэд өөр лүү нь чиглэсэн довтолгоог удаан хугацаанд тогтоон барихаас өөр аргагүй болсон. Түүнийг өндөр өртөгтэй биеэ үнэлэгчид, теле одод, фото моделиудын оролцсон секс үдэшлэг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байлаа. Байдал хурцдаж, эхнэр нь хүртэл түүнийг яллаж эхэлсэн байна.
ХУУЛИАР. Шанжаажийг олон улсад хуулиар зохицуулдаг. Гэхдээ хүмүүс нууц материалуудыг нь задлахаас айж, шантаажчидтай зөвшилцөх нь их байдаг.
Эх сурвалж: etcetera.media
Орчуулсан Э.МАРТ