Энэ удаагийн сонгууль коронавирусийн цар тахалын үеэр таарсантай холбогдуулан “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам” батлагдан гарсан байна. Тэгвэл уг журамд:
3.1. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна.
3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна.
3.3. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангас байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна.
3.4. Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна.
3.6. Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна.
3.7. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана.
3.8. Уулзалт,хурал, цуглааны зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ.
3.9. Уулзалт, хурал, цуглааны зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.
3.10. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно.
3.11. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэг ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно.
3.12. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө.
3.13. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ.
3.14. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй.
3.15. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно.
3.16. Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад Хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна.