Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, эх орондоо ирэх хүсэлт гаргасан БНЭУ-д сурч байгаа 219 монгол ламхай Засгийн газрын зардлаар авч ирэх шийдвэр гаргалаа. Ламхай нарын 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.
Түүнчлэн Хөвсгөл далайн байгалийн цогцолбор газарт олон улсын хүүхдийн Найрамдал-2 зусланг барихаар боллоо. Энэхүү зуслан нь 500 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай байх бөгөөд шаардагдах төсвийг ирэх 2021 оны Улсын төсөвт суутгахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав. Харин газрын асуудлыг нь шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Н.Цэрэнбат сайдад үүрэг болголоо.
Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Засгийн газар ээлжит бус хуралдаан хийж, хүүхдүүдтэй холбоотой хоёр чухал шийдвэр гаргалаа.
Нэгдүгээрт, олон улсын Найрамдал зусланг 42 жилийн өмнө байгуулж байсан. Тэгвэл Хөвсгөл далай байгалийн цогцолборт газарт “Найрамдал зуслан-2”-ыг байгуулах шийдвэр гарлаа. Энэхүү зуслан 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байх юм. Хүүхэд, багачууд маань байгалийн үзэсгэлэнт газарт амарч, алжаалаа тайлах боломж бүрдэнэ. Газрын асуудлыг нь судалж, шийдвэрлэхийг Н.Цэрэнбат сайдад даалгасан. Төсвийг 2021 оны төсөвт тусгахыг Сангийн сайдад үүрэгдсэн.
Хоёрдугаарт, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой Засгийн газрын тогтоол гаргахыг шийдвэрлэлээ. Цар тахлын үед нийт хүн амынхаа амь насыг хамгаалахад анхаарч ажиллаж байна. Энэтхэг улсад 357 монгол ламхай нар сурч хүмүүжиж байна. Тэдгээрээс 219 нь эх орондоо ирэх хүсэлт гаргасан. Тэдний амьдарч байгаа ойролцоо коронавирусний халдвар илэрсэн. Тэднийг яаралтай татаж авах шийдвэрийг гаргасан.
Богино хугацаанд тусгай үүргийн онгоц нисгэж, эх оронд нь авч ирэхийг даалгасан тогтоол гаргахаар боллоо. Тусгаарлалтад байх хугацааны хөрөнгө, зардал болох 230 гаруй сая төгрөгийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана. Унааны зардлыг нь эцэг эхчүүд зэрэг тал талаас нь гаргахаар боллоо” хэмээн ярилаа.