Засгийн газар Хүүхдийн эрхийг хамгаалах энэ өдөр ээлжит бусаар хуралдаж хүүхдийн асуудлаар хоёр чухал тогтоол гаргахаар боллоо.
Тодруулбал энэ удаагийн хуралдаанд Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээх, ирсний дараа тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтоолын төсөл боловсруулан оруулжээ.
Засгийн газар тогтоолын төслийг дэмжиж хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ.
Брайбүн Гоман дацангийн хүүхдүүдийн 70-аад хувь нь Баянхонгор, Архангай, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийн харьяалалтай, малчин өрхийн хүүхдүүд аж.
Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан Энэтхэг дэх НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллах талаар ярилцаж, Энэтхэгт суугаа Элчин сайдын яам, Гоман дацангийн төлөөлөгч болон хүүхдүүдийн ээжүүдээс нөхцөл байдлын талаар мэдээлэл авч байгаа аж.
Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс зургаан км зайтай орших Төвдийн тосгонд Ковид-19 вирусийн хоёр тохиолдол илэрсэн нь хүүхдүүд олноороо нэг дор байгаа нөхцөл байдлыг улам эрсдэлтэй болгож байгаа гэнэ.
1 comment
Төрөөс даана гэнээ, Төрийн мөнгө гэж байхгүй, Татвар төлөгчидын мөнгө л байгаа шүү дээ,