Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2020 оны салбарын хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд аймаг орон нутаг дахь салбарын байгууллагуудад 45 ширхэг фургон автомашиныг хүлээлгэн өглөө.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд 21 аймагт ажиллаж, салбарын нийт ажилтан, алба хаагчидтай уулзаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсоход ажиллах орчин нөхцөлтэй холбоотой, ялангуяа техник тоног төхөөрөмжийн дутагдлын талаар түлхүү яригдаж байсан юм.
Боловсрол, соёл урлагийн байгууллагууд сумдаараа явж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, биеийн тамир, спортын газрууд тамирчдаа тэмцээн уралдаанд оролцуулахад автомашин нэн шаардлагатай ч олон жил шийдэгдээгүй өнөөг хүрчээ. Тиймээс салбарын ажилтан, албан хаагчдын жигд хэвийн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар автомашин болон техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэж эхлээд байна.
Автомашин гардуулах ёслолын үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэг, спорт заал, соёлын төв зэрэг томхон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа ч салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл орхигдсон нь харагдсан.
Хувилагч олшруулагчаас эхлээд техник тоног төхөөрөмж дутагдалтай байгааг шат дараатай шийдвэрлэж байна. Өнгөрсөн онд зохион байгуулсан Монголын багш нарын 7 дугаар их хурлын төлөөлөгчдөөс их тавьсан санал нь компьютер байсан. Удахгүй багш нараа компьютертой болгох ажил хийх болно” хэмээв.
Энэхүү ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шарамжамц, дэд дарга Ц.Одонбаяр нарын албаны хүмүүс оролцож аймгуудын төлөөлөлд фургон автомашины түлхүүр гардуулсан юм.