Төв аймгийн Баянжаргалан сумаас байлдааны онгоцны цэнэгтэй сум олдлоо

Төв аймгийн Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь 2020 оны 04 сарын 30-ны өдөр албан үүргээ гүйцэтгэх явцдаа сонор сэрэмжтэй байж сумын төвд эзэнгүй балгас дотор цэнэгтэй байлдааны онгоцны пулемётны сум байхыг илрүүлжээ.

Улмаар дуудлага өгсний дагуу Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг ханган хамтран ажилласнаар тус сумын нутаг дэвсгэрээс ФАБ-250 маркийн байлдааны онгоцноос хаях зориулалттай цэнэгтэй бөмбөг 12 ширхэг, 30мм-ийн онгоцны пулемётны сум таван ширхэгийг тус тус илрүүлэн, олон нийтэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.

Мөн энэ өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Зэвсэгт хүчний 084-р ангийн алба хаагчид 28 хүний бүрэлдэхүүнтэй очиж ажиллан 196 ширхэг байлдааны бөмбөг, сум илрүүлэн устгах ажиллагаа үргэлжилж байна.

Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв. Иймд иргэд та бүхэн байлдааны сум, тэсэрч дэлбэрч болзошгүй зүйлс таарвал яаралтай цагдаагийн байгууллагад дуудлага өгч, аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Баянжаргалан сум дахь цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Соронзонбат нь цагдаагийн байгууллагад 18 дахь жилдээ үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагч нарын нэг. Ийнхүү үүргээ амжилттай гүйцэтгэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдгээр шагнажээ.

Эх сурвалж: ЦЕГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн