Замын цагдаагийн алба 14-өөс доош насны хүүхдүүдийг унадаг дугуй, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөлөө. Урин дулааны улирал ирсэн энэ өдрүүдэд иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осолд өртөх нь нэмэгджээ. Замын цагдаагийн шуурхай албаны утсанд өчигдөр (2017.05.25) унадаг дугуйтай холбоотой есөн осол бүртгэгдэж хоёр нь хүнд бэртэл авсан байна.
Баянгол дүүргийн нутаг Гуравдугаар эмнэлэгийн баруун урд замд Т нь унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо M.Lancer маркийн автомашинтай шүргэлцэж, 15 настай Т гэмтсэн хэргийг Замын цагдаагийн алба шалгаж байгаа юм. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Сурагчийн 81-р гудамжинд 9 настай Т нь унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцохдоо “T.Allion” маркийн автомашинтай шүргэлцэж, гэмтсэн аж.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь мөн унадаг дугуй, мопедтой холбоотой байжээ. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох үедээ авто ослоор дөрвөн хүн амиа алдсан байна.
Иймд Замын цагдаагийн алба дараах сэрэмжлүүлгийг гаргалаа.
- Эцэг эх та 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх,
- Унадаг дугуй унаж замын хөдөлгөөнд оролцогч та ямагт анхаарал болгоомжтой байж, жолоочид харагдахуйц тод эсвэл цацруулагчтай хувцас өмсөх. Мөн хамгаалах малгай болон бусад хамгаалах хэрэгслийг бүрэн өмсөж хэрэглэн хөдөлгөөнд оролцох,
- Жолооч нарт ойлгогдохуйц анхааруулах болон эргэх дохио өгөх зэрэг арга хэмжээ авахыг анхаарууллаа.