Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.26/
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 5.668 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 74 мянган хүн халдвар авч, 2000 хүн нас барлаа.
Энэ нь өвчлөлт 14 мянгаар буурсан сайн мэдээ ч манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8946 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 78-116-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд сүүлийн 3 өдөр халдвар эрчтэй тархаж байгаа тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Өчигдөр Зоонозийн төвөөс 1 онгоц, 180 ачаа тээшийг ариутгажээ. 119 дугаарт 336 дуудлага, шуурхай аппт гадаадын 3 орноос 31 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна.
Өнөөдөр Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ХӨСҮТ, “Альфа”, “Дрийм” “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлажээ. Мөн өнөөдөр болон маргааш ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.
Иргэдээс амралтын газруудад бөөгнөрөл үүсэж, эрсдэлтэй байгаа талаар гомдол гарсан. ЭМЯ-наас амралтын газруудад хүмүүсийг олноор нь нэг өрөөнд оруулахгүй, хоолонд бөөнөөр нь оруулахгүй байхыг анхааруулж байна. Өрөө тасалгааг ариутгаж, хүчин чадлын 50 хувиар ажиллах хэрэгтэйг санууллаа