Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс харьяа нутаг дэвсгэр дэх барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг 40 байгууллагад холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалт хийсэн байна. Энэ талаар тус хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Долгионоос тодруулсан юм.
-Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хяналт шалгалт хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, хэрэг бүртгэх албатай хамтраад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилга угсралтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулаад “Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа.
Энэхүү арга хэмжээ нь тавдугаар сарын 11-нээс 6-р сарын 25-ны хооронд зохион байгуулагдаж байна.
-Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн харьяалагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн байгууллага байна вэ?
-Манай хэлтсийн харьяа нутаг дэвсгэр дэх барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг 40 байгууллага бий. Эдгээр байгууллагын хөдөлмөр, аюулгүй ажиллагаанд мэргэжлийн хяналт болон холбогдох байгууллагатай хамтран хяналт шалгалтыг зохион байгуулсан.
-Барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд ямар төрлийн алдааг нийтлэг гаргаж байна вэ?
Эдгээр байгууллагууд дараах зөрчлийг нийтлэг гаргаж байна.
Үүнд:
- Ажил олгогч хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг ажилтанд тогтмол танилцуулдаггүй, гарын үсэг зуруулдаггүй.
- Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг нэр төдий хийдгийн улмаас ажилтан өөрөө ямар хариуцлага үүрч байгаагаа ойлгож, ухамсарлаагүй байдал ажиглагдаж байна.
- Ажилчиддаа хөдөлмөр аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хувцас, техник хэрэгслээр бүрэн хангаагүй.
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа хяналт шалгалтаар барилга угсралтыг үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудад газар дээр нь зөрчлийг арилгах арга хэмжээ авч, сануулга өгч, албан мэдэгдлийг байгууллага нэг бүрчлэн тарааж, таниулж ажиллаа.
-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осолтой холбоотой гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
2019 онд хөдөлмөр аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн осолтой холбоотой хоёр гэмт хэрэг шалгагдсан. Тэгвэл 2020 оны хагаст гурван гэмт хэргийн гомдол ирж, шалгалтын ажил явагдаж байгаа. Энэ тоо баримтаас харахад энэ жил хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.
Хөдөлмөр аюулгүй ажиллагааны үйлдвэрийн осолтой холбоотой гэмт хэрэг шалгах явцад ер нь ажилтан өөрийн санаатай үйлдлээр осол гаргадаггүй бөгөөд санамсар болгоомжгүйгээс үйлдэгдсэн байдаг. Хөдөлмөр аюулгүй ажиллагааны тоног төхөөрөмжтэй харьцаж чаддаггүй, мэдлэг мэдээлэл дутуугаар болж осолдох тохиолдлууд байна.
-“Аюулгүй ажиллагаа амьдралын баталгаа” нэгдсэн арга хэмжээний гол зорилго юу вэ?
Манай арга хэмжээний зорилго бол хөдөлмөр хамгаалал, эрүү ахуй, аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэж байгаа.
Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага болгонд ажилтанд зааварчилгаа өгдөг, танилцуулдаг хөдөлмөр аюулгүй ажиллагааг хариуцсан мэргэжилтэн байх ёстой. Ажилчдыг ажлын талбарт гарах болгонд нь хөдөлмөр, аюулгүй ажиллагааны дүрэм танилцуулж, гарын үсэг зуруулсан байх ёстой. Мөн бүрэн бүтэн тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны хувцас хэрэглэлээр хангасан байх ёстой.
Хөдөлмөр аюулгүй ажиллагааны үйлдвэрлэлийн осол гарсан үед цагдаагийн байгууллага хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тодруулж, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдсэн үү? Эсвэл байгууллагын буруутай үйл ажиллагаа байна уу гэдгийг хяналт шалгалтын явцад тогтоодог.
Энэ төрлийн гэмт хэргийг урьд нь Эрүүгийн хуулийн 138, 183-р зүйл ангиар зүйлчлэн шалгадаг байсан. Одоо 2017 оны 7-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байгаа Эрүүгийн хуулийн 10.6-р зүйл “хүний амь насыг болгоомжгүйгээр хохирох”, 11.3-р зүйл “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.5-р зүйл “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэдэг зүйл ангиар зүйлчлэн шалгаж байна.
Цаашид ажил олгогч, ажилтан нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг чанд мөрдөж, албан хаагчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй , аюулгүй ажиллагааны хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлж, тусгай хувцас, ажлын хувцас, тусгай хэрэгслээ зориулалтын дагуу өмсөж, аюулгүйн санамж, тэмдэг тэмдэглэгээ, хашлага, хаалт хамгаалалт зэргийг хууль журмын дагуу хэрэглээд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна.
Н.БАТАА