Энэ сарын 14-ний үдээс хойш төр засгийн үйлчилгээний “Маршал” харш буюу олны нэрлэж заншсанаар 30 дугаар байранд Төрийн тусгай хамгаалалтын газар (ТТХГ)-ын удирдах албан тушаалтнууд болон даргын зөвлөлийн гишүүд согтууруулах ундаа хэрэглэж, улмаар буу шийдэмдээ тулсан гэх хэргийн мэдээлэл тарав.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсантай холбогдуулан ТТХГ-ын удирдлагууд “баяр” тэмдэглэжээ. Улмаар шөнө дунд хүртэл наргисан албан тушаалтнууд сандал, суудлын асуудлаас болж маргалдан, нэг нь агсам тавьж, буу гаргаж танхайрсан. Мөн түүнийг ажилтнууд руугаа буугаа чиглүүлээд байх үед харуул хамгаалалтын нэг офицер нь булаан авч, эцэстээ зодоон цохиондоо хүрч салсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагаас энэ сарын 14-ний өдөр ийм танхайн хэрэг бүртгэгдсэн эсэх талаар тодруулахад тодорхой хариулт өгсөнгүй. Харин төрийн тусгай хамгаалалтын газрын Шуурхай удирдлагын төвийн ажилтан “Ийм хэрэг гараагүй” гэсэн товч мэдээлэл өглөө. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ хэргийг ТТХГ-ынхан ихэд нууцалж байгаа бөгөөд цагдаа, хяналтын байгууллага хав дарсан байхыг үгүйсгэсэнгүй.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “Төрийн тусгай хамгаалалтын байгууллага нь төрийн тусгай хамгаалалтын чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх Засгийн газрын тохируулагч агентлаг мөн” гэж өөрчлөн найруулж баталсан. Мөн ТТХГ-ын даргаар төрийн тусгай албанд 16-гаас доошгүй жил, үүнээс төрийн тусгай хамгаалалтын албанд 5-аас доошгүй жил ажилласан удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайдын санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө. ТТХГ-ын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол (генерал) олгож болно хэмээн өөрчлөн найруулсан билээ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дээрх өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Тус хуулийн төсөл батлагдсанаар ТТХГ-ын харьяа хэлтэс, албадын үйл ажиллагаа өргөжиж, тухайлбал Гадуур хамгаалалтын алба нь Гадуур хамгаалалтын газар болох зэрэг өөрчлөлт орсон байна.
Б.ЖАРГАЛ