Өмнөговь аймгийн Цогтцэций суманд энэ сарын 17-нд тус сум дахь бетон зуурмагийн үйлдвэрийн сахиулаар ажиллаж байсан, Дорноговийн харьяат Б гэх хүн цаг бусаар нас баржээ.
Цагдаа нар шалгахад талийгаач нь гаднын нөлөөтэй амиа алдсан болох нь тогтоогдсон байна. Улмаар шүүх эмнэлгийн шинжээч нарын хамт цогцост нь үзлэг хийхэд шалбарч, зулгарсан, зарим яс нь хугарсан, дотор эрхтэн гэмтсэн нь тогтоогдсон байна.
Тиймээс Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас нарийвчилсан шалгалт хийж, түүнтэй уулзсан хоёр хүнийг олж тогтоон байцаахад нэг автомашинтай хүн согтуу унтаж байна гээд хүргэж ирсэн гэж мэдүүлжээ. Улмаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулснаар Цогтцэций сумын харьяат А гэх эр машинаа ухрааж байгаад хохирогчийг мөргөж, хөнөөгөөд тухайн өдөр нь гудамжинд халамцуу явсан хоёр хүнд үлдээн ул мөрөө баллахыг оролдон зугтсан нь тогтоогдсон гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас үргэлжлүүлж байна.