Нийслэлийн Чингэлтэйн чиглэлийн тээврийн үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, чанарыг сайжруулах зорилгоор хоёр сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ байгууллаа.
Буцалтгүй тусламжийн гэрээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ийг төлөөлөн тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран нар гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Чингэлтэйн чиглэлийн нийтийн тээврийн байгууламж, үйлчилгээний хүртээмж, засвар үйлчилгээг сайжруулах, зам дагуух явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах байгууламжуудыг сайжруулах, олон нийтийн дадал, зан төлөвийг өөрчлөх, оролцоог нэмэгдүүлэх юм байна.
Нийтийн тээврийн тус чиглэлийг Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөтэй нийцүүлэн, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн засаг даргын тамгын газартай зөвшилцөн сонгожээ. Учир нь тус байршилд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихээр оршин суудаг, замын нугачаа их, хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал түгээмэл бөгөөд үүнд хүүхдүүд осолд их өртдөг төдийгүй нийтийн тээврийн ачаалал ч өндөр.
Тухайлбал, автобусны зогсоолуудад суудал, дээвэр байдаггүй, явган хүний зам дутмаг, автобусны буудал дээр хувийн автомашин, такси олноор зогсож хөдөлгөөнд саад учруулдаг. Түгжрэл үүсгэх гэх мэт хүндрэл бэрхшээл түгээмэл байдаг аж.
Оршин суугчдын онцолсноор явган хүний замгүй, замын гэрэлтүүлэг хангалтгүйгээс явган зорчигчдын аюулгүй байдал бүрэн хангагддаггүй. Тус байршилд 2018 онд нийт 80 удаагийн зам тээврийн осол бүртгэгдсэн бөгөөд үүнээс 12 осолд явган зорчигч өртсөн байна.
Энэхүү төслийг төлөвлөхөд хэрэглэгчийн идэвхтэй оролцоонд суурилсан хүн-төвтэй аргачлалыг ашигласан бөгөөд цаашид нарийвчилсан зураг төслийн боловсруулалт, хэрэгжилтийн шатанд ч хэрэглэгчдийн оролцоог үргэлжлүүлэн хангаж ажиллана.
Гэр хорооллын бүсийн хоёр хорооны нийт 12,104 эмэгтэй, 11,540 эрэгтэй оршин суугчид төслийн үр шимийг хүртэх бөгөөд тэдгээрийн 7,336 нь хүүхэд, 454 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.
Энэ төслийг Ядуурлыг бууруулах Японы сан санхүүжүүлжээ. Тус сангаас Монгол Улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлсэн байна.