Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.05.20/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 216 оронд нийт 4.982 сая халдварын тохиолдол илэрч, 324 мянган хүн нас барж, 1.9 сая хүн эдгэрсэн байна. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 94 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Эдгэрсэн хүний тоо нэмэгдсэн ч ОХУ-д байдал хүнд хэвээр байна. Өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ-д 9200 шинэ тохиолдол илэрсэн. Одоогийн байдлаар Буриадад 973, Эрхүүд 698, Тувад 351, Читад 595 тохиолдол бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ажиглалтад 1924 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Үүнд нийт 97 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн 14 галт тэргэнд нийт 4000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.