Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Тагнуулын ерөнхий газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран зохион байгууллаа.

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар Тагнуулын байгууллага нь терроризмтой тэмцэх ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага, холбогдох төрийн байгууллагын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий Терроризмтой тэмцэх зөвлөлийг Тагнуулын ерөнхий газрын дарга, бригадын генерал Д.Гэрэл тэргүүлж бүрэлдэхүүнд нь 19 байгууллагын удирдлага, мэргэшсэн албан хаагчид ажиллаж байна.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн хуралдаан улирал тутамд тасралтгүй хуралдаж тайлант хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээг гишүүдэд тайлагнаж, цаг үеийн болон болзошгүй терроризмын аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлийн асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Зөвлөлийн хуралдааны шийдвэр батлагдсан даруйд шууд хэрэгждэг бөгөөд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуульд зааснаар зөвлөлийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэг хүлээдэг байна. Энэ удаагийн хуралд Тагнуулын ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ЗХЖШ, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ГИХГ, ГЕГ, УБЕГ, ХХМТГ, МХЕГ, ТатЕГ-ын удирдлагууд болон эдгээр байгууллагуудын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааг хариуцсан мэргэшсэн албан тушаалтнууд оролцов.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн ээлжит хоёрдугаар хуралдаанаар нийт 3 асуудлаар таницуулга хийж, 4 асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна. Тагнуулын байгууллагаас зэвсэг дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, “Террорист байгууллагын санхүүжилт, түүний эх үүсвэр, тэмцэх асуудал”, “Террорист этгээдийн харилцаа холбоонд гарч буй өөрчлөлт, чиг хандлага” болон Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага(ФАТФ)-д Монгол Улсын ээлжит тайланг хамгаалсан дүнгийн тухай асуудлаар тус тус мэдээлэл, танилцуулга хийв.

Мөн тэсэрч дэлбэрэх, химийн хортой болон аюултай бодис, хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт болон устгалын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх тухай, Монгол Улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үндэсний хөтөлбөрийн төслийг дэмжих тухай, хими, биологи, цөм болон цацрагийн аюулгүй байдлыг хангах асуудал, түүнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх тухай болон Зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хэлэлцүүлж дэмжээд хуралдааны тогтоолд тусгаж ЗГХЭГ, ҮАБЗ-д танилцуулахаар тогтсон байна.

Хэдийгээр манай улсын зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмын аюул заналын эрсдэл харьцангуй бага боловч ирээдүйд манай улсад учирч болзошгүй шашны гаж буруу урсгал, түүний нөлөөлөл, радикалист, экстремист үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл болон терроризм, түүний суурь нөхцөл манай улсад нутагших эрсдэл, эмзэг сул байдлыг олж тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлд түлхүү төвлөрч байна.

Терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллагын чадавхийг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарал хандуулан ажиллаж байгаа.

Терроризмтой тэмцэх зөвлөл нь Монгол Улсын хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудын энэхүү зохион байгуулалтын тогтолцоо нь болзошгүй эрсдэлээс улс орон, хүн амын аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн